Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Австрали улсын Ерөнхий сайд Скотт Моррисоныг худал хэлсэн хэмээн зэмлэв. Түүнээс “Моррисоныг худалч гэж бодож байна уу” гэж сэтгүүлч асуухад “би бодоогүй, би мэдэж байна” хэмээн хариулжээ.
Австрали улс Франц улстай 12 шумбагч онгоц барих 37 тэрбум ам.долларын гэрээ байгуулахаар тохирсон байсан ч гэрээгээ цуцлан, оронд нь АНУ, Их Британитай батлан хамгаалах Аукус гэрээ хэлэлцээрийг байгуулсан юм. Үүний дараа Макрон ихэд бухимдан, дургүйцлээ илэрхийлсэн.
Тэдний харилцаа хөндийрч, Парисаас Вашингтон болон Канберра дахь элчин сайдаа түр хугацаанд эргүүлэн татсан үйл явдал өнгөрсөн есдүгээр сард болсон. Францын Гадаад хэргийн яамнаас Австралийг ар нуруу руу хутгалсантай ижил үйлдэл хийсэн хэмээн буруутгасан юм.
Энэ явдлаас хойш Австралийн Ерөнхий сайд Моррисон болон Францын Ерөнхийлөгч Макрон нар өнгөрсөн долоо хоногт Италийн Ромд болсон Бүлэг 20 орны дээд хэмжээний уулзалтан дээр анх удаа нүүр тулан уулзжээ. Тэд салбар хуралдаан дээр таарсан бөгөөд Макроноос Австралийн сэтгүүлч дахин Моррисонд итгэл хүлээлгэх эсэхийг асуухад тэрээр “түүний юу хийхийг харна. Танай улс орон ард түмэнтэй тогтоосон харилцаагаа маш их хүндэтгэдэг. Хэрэв бид та бүгдийг хүндэлж байгаа бол та нар ч бас шударга, ярьсан тохирсондоо үнэ цэнэтэй байх ёстой” хэмээн хариулжээ.
Макроны дараа Скотт Моррисон ярихдаа “Францын Ерөнхийлөгчид худал хэлээгүй, Австралийн Батлан хамгаалах салбарт шумбагч хөлгүүд цаашид хэрэгцээгүй гэдгийг өмнө нь тайлбарласан байсан. Хоёр улс харилцаа, итгэлцлээ дахин сэргээх явц хэдийнээ эхэлсэн” гэжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.