Өмнөд Номхон далайд орших Тонгагийн Вант Улсад өнгөрөгч бямба гарагт коронавирусийн цар тахлын анхны тохиолдол бүртгэгджээ. Тус улсын Засгийн газраас удахгүй хөл хорио тогтоож магадгүй гэж зарласан бөгөөд үүний дараа тонгачууд вакцинжуулалтад идэвхтэй хамрагдах болсон байна.
Халдвар Тонгагийн ихэнх иргэдийн оршин суудаг гол арал болох Тонгатапуд илэрчээ. Шинэ Зеландын Кристчурч хотоос эх орондоо буцаж ирсэн 215 хүнээс шинжилгээ авахад нэг хүний хариу "Эерэг" гарсан аж. Энэхүү нислэгийн зорчигчдын дунд "Токио-2020" наадмаас хойш Кристчурч хотод гацаад байсан Тонгагийн олимпын багийн гишүүд байсан юм.
Албаныхны мэдээлснээр, нислэг ирэх үед үүрэг гүйцэтгэж байсан бүх эрүүл мэндийн ажилтан, цагдаа, нисэх онгоцны буудлын ажилтныг урьдчилан сэргийлэх зорилгоор тусгаарлалтад оруулжээ.
Хэрэв халдварын тохиолдол дахин илэрвэл Тонга улсад хөл хорио тогтоох бөгөөд иргэдийг бэлтгэлтэй байхыг Ерөнхий сайд Похива Туйонетоа анхааруулсан байна.
Шинэ Зеландаас зүүн хойд зүгт орших энэхүү бяцхан вант улс нь дэлхий даяар олон тэрбум хүнд халдварлаж, таван сая орчим хүний амийг авч одсон цар тахалд өртөөгүй цөөхөн хэдэн орны тоонд багтаж байсан билээ.
Тус улсын 106,000 хүн амын зөвхөн гуравны нэг нь коронавирусийн эсрэг вакцины хоёр тунд хамрагдаад байгаа аж. Тэгвэл халдварын анхны тохиолдол илэрсний дараа олон мянган хүн вакцин тариулахаар яаравчилсан байна.
Эх сурвалж: AFP
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.