Йемений нийслэл Аден хотын нисэх онгоцны буудлын ойролцоо байсан автомашин дэлбэрч, дор хаяж есөн хүн амиа алдан, 12 хүн шархаджээ.
Амь үрэгдэгсдийн дунд эмэгтэйчүүд болон хүүхдүүд байсан гэж гэрчүүд хэлсэн байна. Тус улсын Ерөнхий сайд Муин Абдулмалек Саид уг явдлыг "террорист бөмбөгдөлт" гэж тодорхойлсон хэдий ч одоогоор хэн ч тус халдлагад хариуцлага хүлээгээгүй байгаа юм.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, халдлага Адены амбан захирагч асан нисэх онгоцны буудалд ирэхтэй давхацсан аж. Гэхдээ тэрээр гэмтээгүй байна. Үүнээс гурван долоо хоногийн өмнө, Адены одоогийн амбан захирагч мөн автомашины тэсрэх бөмбөгийн халдлагын бай болсон бөгөөд дэлбэрэлт зургаан хүний аминд хүрсэн билээ.
Тус нисэх буудалд өнгөрсөн оны 12 дугаар сард болсон халдлагын үеэр 22 хүн амиа алдсанаас хойш энэ удаагийн дэлбэрэлт нь тус хотод болсон хамгийн том халдлага юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.