Япон улсын нийслэл Токио хотын галт тэргэнд хутгаар зэвсэглэсэн этгээд халдлага үйлдэж, 17 иргэнийг шархдуулсан байна. Цагдаа нар халдлага үйлдсэн этгээдийг баривчлан саатуулжээ. Гэмт этгээд 24 настай, Бэтмэн цувралын хорон санаатан Жокерын дүрд хувилж, ижил хувцас өмссөн байжээ.
Өчигдөр дэлхийн улс орнууд Хэллоуины баярыг тэмдэглэж өнгөрүүлсэн. Халдлага Хэллоуины үдэшлэгт явж байсан зорчигчдын дунд болсон байна. Хэргийн газарт байсан гэрчүүдийн яриагаар гэмт этгээд сэжиг бүхий шингэн зүйл цацаж, гал тавьжээ.
Бичлэгээс харахад зорчигчид галт тэрэгнээс зугтаж, зарим нь галт тэрэгний цонхоор гарсан байна. Орон нутгийн цагаар ням гарагийн орой 20:00 цагийн үед Токиогийн Кокурё галт тэрэгний буудлын ойролцоо уг хэрэг болжээ. Зорчигчдын ярьснаар тэд ногоон болон нил ягаан өнгийн Жокерын хослолтой этгээдийг Хэллоуины баярын өмсгөлтэй, баяр тэмдэглэхээр явж байгаа нэгэн гэж бодсон боловч гартаа урт хутга барин алхаж байжээ.
Гэмтэж шархадсан 17 иргэний гурав нь хүндээр бэртсэн гэж орон нутгийн хэвлэлүүд дамжуулжээ. Настай эрэгтэй хутгалуулснаас хойш ухаангүй байна.
Халдлага болох үед галт тэрэгний хаалга хаалттай байсан тул хэрхэн зугтах аргаа ололгүй, эцэст нь цонхоор гарсан гэж хэргийн газарт байсан өөр нэг гэрч ярьжээ. Гэмт этгээд бусдын амь насанд халдах санаатай үйлдэл гаргасан тул цаазын ял сонсож болзошгүй байна.
Энэ жилийн наймдугаар сард Токиогийн өөр нэг галт тэргэнд хутгатай эрэгтэй дээрхтэй төстэй халдлага үйлдэж 10 хүнийг шархдуулсан явдал болсон. Мөн хоёр жилийн өмнө Кавасакид сургуулийн автобус хүлээж байсан сурагчид руу хүйтэн мэсээр зэвсэглэсэн этгээд халдаж, хоёр хүнийг хороож, 18 хүнийг шархдуулсан юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.