Дэлхийн хамгийн том цахим сүлжээ Facebook-ыг эзэмшдэг корпораци дахин шинэчлэл хийж, дүр төрхөө өөрчлөхийн тулд нэрээ Meta болгон сольжээ. Нэрний өөрчлөлт нь Facebook, Instagram, Whatsapp зэрэг цахим сүлжээнүүдэд хамаарахгүй бөгөөд ердөө эдгээрийг эзэмшдэг толгой компанийн шинэ нэр юм.
Уг өөрчлөлтөөс өмнө тус компанид ажилладаг байсан Францис Хаугены дэлгэсэн баримтуудтай холбоотой сөрөг мэдээллүүд цацагдаж, үйл ажиллагаа нь доголдоод байсан. Тэрээр Facebook компанийг хэрэглэгчдийнхээ аюулгүй байдлаас урьтаж ашиг хардаг хэмээн зэмлэсэн юм.
Марк Зукербергийн хэлснээр Meta гэх шинэ нэр нь цахим тоглоомын ертөнц, ажиллах орон зай, виртуал хүрээлэн буй орчинтой холбоо тогтоох зэрэг олон нийтийн сүлжээнээс давсан цахим ертөнцийг бий болгох төлөвлөгөөг нь илэрхийлж байна.
Зукерберг “Ирээдүйд бид ганцхан замналаар явах боломжгүй. Би метаверс компанийг удирдан чиглүүлж ажиллахыг хүсч байна. Бид бизнесээ ирээдүйд гэр бүлд зориулсан аппликейшнууд болон ирээдүйн ажлын платформууд дээр суурилсан хоёр чиглэлээр явуулна” гэжээ.
Нэр солигдсонтой холбоотойгоор Калифорнийн Менло цэцэрлэгт хүрээлэн дэх Facebook-ын эрхий хуруугаа гозойлгосон цэнхэр өнгийн логог өөрчлөх юм байна. Мeta гэдэг нь грек хэлний үг бөгөөд хөрвүүлбэл “цаад, илүү, давсан” гэдэг утгатай ажээ. Метаверс ертөнцөд холбогдсон хүмүүс комьпютер ашиглахын оронд виртуал ертөнцөд нэвтрэхийн тулд чихэвч ашиглан дижитал орчны бүх төрөлд нэвтрэх боломжтой гэж эх сурвалжид дурдсан байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.