Өндөр мөнгөн дүнтэй аливаа тендерт аж ахуйн нэгжийн удирдлага ялахын тулд хариуцсан байгууллагынх нь удирдах албан тушаалтан юм уу, эсвэл үнэлгээний хорооны эрх бүхий хүмүүсийн гарыг цайлгаж, халаасанд нь хахууль хийх явдал хэвийн үзэгдэл мэт болсон.
Заримыг нь хууль сахиулах байгууллагынхан илрүүлэн шалгаж, шүүхээс гэм буруутнуудад нь хариуцлага хүлээлгэж байгаа. Нөгөө хэсэг нь илрэлгүй таг чиг дарагддаг нь нууц биш. Ийм нэг хэргийн талаар энэ удаа сөхье.
Барилгын дотор халаалт, туршилт тохируулга, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний тоног төхөөрөмж, гадна инженерийн шугам сүлжээний угсрах зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Одкон холдинг” компанийн захирал Л.Мөнхбат, гадаад худалдаа, эрчим хүчний тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ үзүүлдэг "ӨЭЭЭ" компанийн захирал Б.Эрдэнэ-Очир, гадаад худалдааны “Дорнод баялаг” ХХК-ийн захирал М.Бат-Эрдэнэ, PVC, винил хана, шалны үйлдвэрлэл, борлуулалтын “Юнимат” компанийн захирал Ч.Түвшинжаргал тэргүүтэй зургаан хүнд холбогдох, бусдад хээл хахууль өгсөн гэх хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр удахгүй хэлэлцэх гэж байна. Тэд чухам ямар үйлдэлд холбогдсон талаар доор өгүүлье.
"ӨЭЭЭ" компаниа тендерт ялуулахын тулд хахууль өгчээ
Одоогоос яг гурван жилийн өмнө “Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит хувьцаат компани (ТӨХК)-ийн захирал Ц.Бямба-Очирыг АТГ-ынхан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд цагдан хорьж шалгаж эхэлсэн нь тухайн үед олны анхаарал татаж байлаа. Түүнийг тэр үед 87 орон сууцтай хэмээн зарим хэвлэлд мэдээлж байсан бөгөөд АТГ-ынхны шалгалтаар гурван орон сууцтайг нь тогтоосон гэдэг. Ц.Бямба-Очирын холбогдсон, бусдаас 200 сая төгрөгийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ саатуулагдсан гэх хэрэгт дээр нэр дурдсан аж ахуйн нэгжүүдийн удирдлагыг яллагдагчаар татаад байгаа аж. Уг нь мөрдөн шалгах байгууллагынхан хоёр жилийн өмнө эл хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлж байсан бөгөөд хяналтын прокурор нь зайлшгүй шалгаж тогтоох ёстой хэмээн удаа дараа нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасаар өдий хүрсэн юм байх. Ц.Бямба-Очирыг саатуулан шалгаж эхэлсний дараа "ӨЭЭЭ" компанийг тендерт шалгаруулж хахууль авсан хэмээн хэвлэлүүд мэдээлж байв. Тус компанийн захирал Б.Эрдэнэ-Очир “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн удирдах албан тушаалтантай хэрхэн холбогдов гэдгийг энд өгүүлье.
Тус төрийн өмчит компаниас зарласан “7к магистрал ДХ-7183-ДХ-7186 худгийн хооронд 2ф500мм голчтой 182 хос метр шугамыг шинэчлэн солих” 302 сая төгрөгийн төсөвт өртөгтэй сонгон шалгаруулалтад "ӨЭЭЭ" компанийнхан 251.3 саяар хийж гүйцэтгэх тухай санал хүргүүлсэн аж. Ганц энэ тендерээр тогтохгүй өөр сонгон шалгаруулалтад ч оролцсон юм байна. Тодруулбал, “1к магистрал ДХ-124-ДХ-436 худгийн хооронд 2ф200мм голчтой 265 хос метр шугамыг 2ф300/350мм голчтой болгон өргөтгөн хэсэгчлэн шинэчлэн солих” 324.2 саяын төсөвтэй ажлыг 314.3 сая төгрөгөөр хийж гүйцэтгэх тухай санал "ӨЭЭЭ" ХХК-ийнхан хүргүүлсэн гэнэ. Ингээд сонгон шалгаруулалтад ялж, 2018 оны дөрөвдүгээр сарын 3 болон 6-нд нь гэрээ байгуулжээ. Эдгээр тендерт ялахын тулд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захиралд 2018 оны гуравдугаар сарын сүүлчээс зургадугаар сарын хооронд 4.8 сая төгрөгийг онгоцны тийзийн төлбөрт зориулан дансанд нь шилжүүлсэн байна. Түүнчлэн 10 сая төгрөг Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дахь “Номин” их дэлгүүрийн орчимд өгснийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоожээ.
“Одкон холдинг”-ийн захирал 10 саяыг “бэлэглэсэн” гэв үү
“Улаанбаатар дулааны сүлжээ” компани 2018 онд өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж “6А магистраль ДХ-605-ДХ-609 худгийн хооронд 2600 мм голчтой 283 хос метр шугамыг хэсэгчлэн шинэчлэн солих” ИЗ-2018/01 дугаартай тендер зарлажээ. Уг тендерт 425 сая гаруй төгрөгөөр хийж гүйцэтгэх санал хүргүүлсэн “Одкон холдинг” ХХК шалгарч, 2018 оны дөрөвдүгээр сарын 16-нд гэрээ байгуулсан байна. Ийнхүү шалгарахын тулд төрийн өмчит дээрх компанийн удирдах албан тушаалтанд компанийнхаа байранд “Одкон холдинг”-ийн захирал Л.Мөнхбат 10 сая төгрөг бэлнээр хахууль болгож өгсөн хэрэгт холбогдсон байна.
Тэгвэл “Юнимат” ХХК-ийнхан тендерийн үнэлгээний хорооны даргыг нь хахуульдсан хэрэгт буруутгагдаж байна. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн спорт заалны шалыг шинэчлэх, дотор заслын ажлын сонгон шалгаруулалтад дээрх хувийн аж ахуйн нэгжийнхэн оролцсон аж. Ингэхдээ “Юнимат”-ын захирал Ч.Түвшинжаргал өөртөө давуу байдал бий болгохын тулд “Улаанбаатар дулааны сүлжээ”-гийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга, тендерийн үнэлгээний хорооны дарга Б.Ариунболорт хоёр хүний дансаар дамжуулан 6.2 сая төгрөг шилжүүлэн “урамшуулсан” юм байх.
Б.Ариунболорын тухайд “Юнимат”-ын захирлаас гадна найздаа давуу байдал бий болгосныхоо хариуд 6.4 сая төгрөгийн “урамшуулал” хүртсэнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн тогтоожээ. Тодруулбал, үйлдвэрийн байрны тохижилтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт М.Бат-Эрдэнэ захиралтай “Дорнод баялаг” ХХК шалгарсан аж. Мөн “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн “Архивын өрөөнд стандартад нийцсэн хадгалах шүүгээ, тавиур авах” тендерт дахиад эл компани ялсан гэнэ. Төрийн өмчит дээрх компанийнхан ажиллагсдынхаа бие бялдрыг чийрэгжүүлэх өрөөндөө байдаг тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, шинэчлэх тендер зарлахад мөн л М.Бат-Эрдэнэ ялжээ. Харин энэ удаад тэрбээр “Хэрлэн тэнцэл” гэх аж ахуйн нэгжийн нэрээр оролцсон байгаа юм. Түүнчлэн “Үйлдвэрийн төв байрны барилгын дотор засварыг хийх” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт мөнөөх л М.Бат-Эрдэнэ “Оточ ноёдууд” ХХК-ийн нэрээр оролцон шалгарсан байна. Ийнхүү нэг бус тендерт ялахад нь ерөнхий боловсролын сургуулийн нэг ангид суралцаж байсан, багын найз, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Ариунболор ихэд дэмжлэг үзүүлсэн бололтой. Түүнийхээ урамшуулалд найзынхаа дансаар дөрөв, бэлнээр Сүхбаатарын талбай орчимд автомашин дотор 6.4, Хан-Уул дүүргийн Соёлын ордны орчим иргэн Б-ын дансаар дамжуулан 1.6 сая гээд нийт 12 сая гаруй төгрөгийн “хишиг” хүртсэн хэрэгт холбогдоод буй юм.
Захирлаараа өөрт ашигтай шийдвэр гаргуулж орон сууцын зээлээ төлөв
Эдгээрээс гадна Б.Ариунболорыг өөртөө давуу байдал бий болгож, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирлаар шийдвэр гаргуулан 49.8 сая төгрөгийн орон сууцын дэмжлэг авсан үйлдэлд буруутгасан юм билээ. Уг нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан. Мөн Авлигын эсрэг хуульд “албаны эрх мэдлээ урвуулах, хэтрүүлэх, албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно” хэмээсэн байдаг. Эдгээр хуулийг зөрчин Б.Ариунболор нь “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн мэргэжилтэн болон даргаар ажилласан 11 сарын хугацаанд “Ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээгээр салбартаа үр бүтээлтэй, олон жил ажилласан хүмүүст орон сууцын дэмжлэг үзүүлдэг” гэх “бичигдээгүй дүрэм, журмыг” ашиглаж гүйцэтгэх захирал Ц.Бямба-Очироор Захирлын зөвлөлийн хурлын шийдвэр гаргуулсан байна. Ингэхдээ компанийн дотоод дүрэм, хамтын ажиллагааны гэрээнд заасан “тус байгууллагад ажилласан жил, ажлын үр бүтээлийг нь харгалзан туслалцаа үзүүлж болно” гэснийг зөрчиж 49.8 сая төгрөг захирлаараа шийдвэрлүүлэн авч өөртөө давуу байдал бий болгоод Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг дахь “Туул ривер” хотхоны 101 дүгээр байранд авсан орон сууцынхаа зээлэнд төлсөн нь батлагджээ.
Прокурорын байгууллагаас “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д удирдах албан тушаал хашиж байсан Ц.Бямба-Очир, Б.Ариунболор нарыг Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан эрх мэдэл албан тушаалаа урвуулсан, 22.4-2, 22.4-4-ийн “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ.
Харин “Одкон холдинг”, ӨЭЭЭ, “Дорнод баялаг”, “Юнимат” компанийн захирлуудад мөн хуулийн 22.5-1 дэх хэсгийн “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, төлбөргүй үйлчилгээ үзүүлсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байна. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг өнгөрсөн есдүгээр сарын 28-нд хэлэлцэхээр товлосон боловч “Юнимат” компанийн захирал Ч.Түвшинжаргалын эрүүл мэндийн байдлаас болж хурлыг хойшлуулсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.