ОХУ-д коронавирусийн халдварын шинэ давлагаа хүчээ аваад байгаа энэ үед нийслэл Москва хотод хэсэгчилсэн хөл хорио тогтоож, дэлгүүр, ресторан, сургуулиудыг хаасан байна. Тус улсын хамгийн сүүлийн томоохон хөл хорио өнгөрсөн оны 5, 6 дугаар сард тохиосон билээ.
Энэхүү арга хэмжээний хүрээнд зөвхөн супермаркет, эмийн сан гэх мэт зайлшгүй шаардлагатай газруудыг үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөх бөгөөд хоолны газрууд зөвхөн авч явах үйлчилгээг үзүүлэх юм. Оросын эрх баригчид халдварын тархалтыг таслан зогсоох зорилгоор тус улс даяар ес хоногийн турш цалинтай амралтын өдрүүд зарлаад байгаа билээ.
Сүүлийн 24 цагт Оросын 85 бүс нутагт 40,096 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь одоог хүртэлх хамгийн өндөр үзүүлэлт аж. Түүнчлэн, цар тахлын улмаас нас барсан 1,159 хүн бүртгэгдсэн нь мөн шинэ дээд хэмжээ бөгөөд тус улсын нийт нас баралтын тоо албан ёсоор 230 мянга гаруй байгаа нь Европын хамгийн өндөр үзүүлэлт ба дэлхийн хамгийн өндөр үзүүлэлтийн нэг юм.
Үүний дээрээс, ОХУ-ын нийт хүн амын 32.8 хувь нь л вакцинжуулалтад бүрэн хамрагдаад байна. Тус улсад цар тахлын эсрэг дархлаажуулалтын ажил эрчимтэй явагдаж байгаа хэдий ч олон иргэн "Спутник V" вакцинд итгэлгүй хэвээр байгаа аж.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.