Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байна.
1921 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Москва хотноо Ардын Засгийн газар ба ЗСБНОУ-ын Засгийн газар хооронд Найрамдлын хэлэлцээрт гарын үсэг зурсан түүхтэй.
Хоёр орны харилцааны нэгэн зууны хөгжлийн түүхийг ирээдүй хойч үе, хүүхэд, залууст сурталчлан таниулах, мөнхлөн үлдээх зорилгоор Уран зургийн галерейд “Зууны түүх-Зууны үйл явдал” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа.
Үзэсгэлэнд хоёр орны улс төр, худалдаа, эдийн засаг, арми, их бүтээн байгуулалт, боловсрол, шинжлэх ухаан, соёл, урлаг, спорт, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбар болон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд гар бие оролцсон түүхэн хүмүүсийн 200 орчим гэрэл зургийг толилуулж байна.
Тухайлбал 1921 оны Ардын хувьсгалаас эхлээд төмрийн завод, Төв цахилгаан станц ашиглалтад орсон, 1939 оны Халх голын дайн, “Бүхнийг фронтод-Бүхнийг ялалтад” хөдөлгөөн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1949 онд Улаанбаатар-Наушкийн төмөр зам баригдсан, 1960-аад онд атар газар эзэмшсэн, Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэг, XX зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр, Найрамдлын Дархан хот байгуулагдсан зэрэг түүхэн үйл явдлыг товчоолон харуулжээ.
“Зууны түүх-Зуун онцлох үйл явдал” гэрэл зургийн үзэсгэлэнг 2021 оны 10 дугаар сарын 27-ныг дуустал нийтэд толилуулах юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.