Европын Холбооны дээд шүүх Польш улсыг шүүх байгууллагын шинэчлэлийн маргаанаа шийдвэрлэх хүртэл хоногт нэг сая еврог Европын зөвлөлд төлөх үүрэг өгөв. Энэ оны эхэнд Польш улсыг маргаан дагуулаад байгаа шүүгчдийг шүүх сахилгын танхимын үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан боловч одоогоор шийдтэй алхам хийж хэрэгжүүлээгүй байна.
Польшийн шүүхийн шинэчлэлд зааснаар Засгийн газраас томилсон Дээд шүүхийн сахилгын танхимыг бусад шүүгч нар эсэргүүцэж болохгүй бөгөөд шаардлагатай гэж үзвэл бусад шүүгчдийг шийтгэх ажээ. Тус улсын эрх баригчид авлига болон хүнд сурталтай тэцэхийн тулд дээрх хуулийн заалтыг оруулсан гэж мэдэгдсэн. Харин Европын холбооны удирдагчид энэ нь шүүх засаглалын хараат бус байдалд халдаж, холбооны нэгдмэл байдал, эрхэм дээд үнэт зарчмыг алдагдуулж байна хэмээн марган мэтгэлцэж байна.
Торгуулийн шийтгэл сонссоныхоо дараа Польшийн Засгийн газар Европын холбоог шууд шантааж хийж байна, ял шийтгэл бол гарц биш хэмээн байр сууриа хамгаалан мэдэгджээ. Уг асуудал хурцадсанаар “Полексит” буюу Польш улс Европын Холбооноос гарах асуудлыг өдөөж, байр суурь нь ганхаж болзошгүй нөхцөл байдал үүсч байна.
Энэ сарын эхэнд Польшийн Үндсэн хуулийн шүүх Польш улсын хууль Европын Холбооны хуулиас дээгүүрт тавигдана гэдгийг заажээ. Энэ нь Европын Холбооны удирдагчдыг багагүй бухимдуулсан нь гарцаагүй.
Польш болоод Европын Холбооны дунд үүссэн маргаанаас болж Европын Зөвлөл цар тахлын дараах эдийн засгийг сэргээхэд үзүүлэх 57 тэрбум ам.долларын дэмжлэгийг Польш улсад олгоогүй байгаа юм. Мягмар гарагт явуулсан санал асуулгаар Польшийн ард түмний 40,8 хувь нь Засгийн газар ялагдлаа хүлээн зөвшөөрч маргааныг таслан зогсоох хэрэгтэй гэж үзэж байгаа бол 32,5 хувь нь харилцан тохиролцох ёстой гэжээ.
Польшийн Засгийн газар ийнхүү олон тэрбумын санхүүжилтээ алдахад хүрснээс гадна сахилгын танхимыг татан буулгах аль эсвэл дараагийн шийдвэр гарах хүртэл өдөр бүр сая ам.долларыг Европын зөвлөлд тушаах шаардлагатай болж байна.
Эх сурвалж: ВВС, The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.