Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн үед коронавирусийн эсрэг арга хэмжээ болгон үйлдвэрлэсэн даавуун амны хаалтуудын хэдэн арван сая нь ашиглагдаагүй хэвээр байгаа бөгөөд хэдэн зуун сая иений өртөгтэй хувийн хадгалах байгууламжид хадгалж байгаа болохыг албаны хүн мэдэгджээ.
"Абеномаск" гэж нэрлэсэн эдгээр амны хаалтыг Японы Засгийн газар өнгөрсөн жилийн амны хаалтын хомстлын үеэр үйлдвэрлэсэн бөгөөд айл бүрд хоёрыг тараахаар төлөвлөж байсан юм. Гэвч тус даавуун амны хаалт нь иргэдийн зүгээс ихээхэн шүүмжлэл амссан бөгөөд цөөхөн хүн л хэрэглэх сонирхолтой байсан билээ.
Олон хүн "Абеномаск"-ыг хэтэрхий жижиг бөгөөд хүргэлт нь уддаг гэж гомдоллож байсан бөгөөд удалгүй тус амны хаалтын үйлдвэрлэлийг чанарын асуудлаас болж түр зогсоосон байна. Учир нь, тухайн үед амны хаалтуудын савлагаанаас толбо, жижиг шавж болон бусад бохирдол илэрч байжээ.
Тэгвэл одоо энэхүү амны хаалтын 83 сая орчим нь зүгээр хадгалагдаж байгаа аж. Энэ нь анх үйлдвэрлэсэн 280 сая ширхэг амны хаалтын бараг гуравны нэг нь юм. Үлдэгдэл амны хаалт нь нийт 11.5 тэрбум иений үнэтэй бөгөөд тэдгээрийг хадгалахын тулд 600 сая иен зарцуулаад байгаа гэж Японы Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ёшихико Исозаки тэмдэглэжээ.
Гэхдээ энэхүү амны хаалтын кампанит ажил нь "тухайн үед тохиромжтой" байсан гэж тэрээр онцолсон байна.
Эх сурвалж: Japan Today
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Монгол руу явуулчаач