СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тахлын үеийн чимээгүй баатар – МИАТ компани

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Ковид-19 цар тахлын эсрэг хамгийн үр дүнтэй хариу арга хэмжээ бол вакцинжуулалт юм. Дэлхийн ихэнх улс орнуудад коронавирусийн вакцины хүртээмж тун тааруу байна. Хүн амын тоо, эдийн засгийн чадамж, дэд бүтэц гээд олон зүйлээс энэ нь хамаарч буй. Харин Монголд бол нөхцөл байдал эсрэгээрээ. Ямар вакцин хийлгэх сонголтыг нь иргэддээ өгч, дархлаажуулалтдаа хамрагдахыг Засгийн газар уриалсаар байгаа

Өөрөөр хэлбэл, гадаад харилцаа, аюулгүй тээвэрлэлтийн үр дүнд хүн амынхаа 65.6 хувийг бүрэн тунд, 350 гаруй мянган хүнийг дархлаа дэмжих 3-р тунд хамруулаад байгаагаас гадна 2.6 сая хүн тун вакцин бидний нөөцөд бэлэн байна. Тиймээс ч вакцин ямар шалгуураар олдож, ямар зам туулж Монголд ирж буй талаар зөвхөн тээвэрлэлт талаас нь энэ удаад хөндье гэж шийдлээ.

Цар тахлын хүнд үед эмнэлэг, цагдаагаас гадна далд фронтод ажилласаар буй хүмүүс бол тээврийн салбарынхан. Тэр дундаа вакцины тээвэрлэлтэд онцгой үүрэг гүйцэтгэн ажиллаж буй газар бол үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ХК-ийн хамт олон юм. “МИАТ” компани хилийн чанадад гацсан иргэдээ тээвэрлэн авчрахын сацуу яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүнийг цаг алдалгүй тээвэрлэж, цар тахлын хүнд үеийг даван туулахад үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.

Тэд тахлын голомт болсон БНХАУ-ын Ухань хотоос 31 оюутнаа эх орондоо авчрах тусгай үүргийн нислэг үйлдсэнээс хойш Австрали, Өмнөд Африк, АНУ зэрэг улс руу анх удаа зорчигчийн нислэг үйлдэж иргэдээ эх оронд нь авчраад  байгаа юм. Үүнээс гадна Монголд буусан эхний вакцин болох “AztraZeneca”-ийг Энэтхэгээс авчрахаас эхлээд Засгийн газар, НҮБ-ын “Ковакс” хөтөлбөр, бусад эмнэлгийн байгууллагын захиалгаар тээвэрлэлтийн тусгай горимтой вакцины татан авалтыг МИАТ компанийнхан олон удаа амжилттай гүйцэтгэсэн.

 

Шууд нислэгээс тусгаарлалтын байр, тусгаарлалтын байрнаас шууд нислэгийн хооронд буюу “Ковид 19”-ийн онцгой нөхцөлд ажилласан ч тэд асуудал тавьж, ажлаас зугтсангүй. Хэдийгээр статистик мэдээллээс харахад нислэгийн тоо буурсан юм шиг боловч “МИАТ”-ийн хувьд энэ хоёр жил онцгой нөхцөлд ажиллах маш том туршлага болж өгсөн. Эдийн засгийн хувьд компанийн ашиг орлого багассан ч ажлын байрыг хадгалах нь юу юунаас чухал байсныг тэд хэлж байна. Ийм онцгой нөхцөлд “гал алдахгүй”-гээр үүргээ гүйцэтгэж, товлосон цаг хугацаандаа вакцины татан авалтыг хийж чадсан нь “МИАТ” ХК өөрийн эзэмшлийн агаарын хөлөгтэй болсонтой шууд холбоотой. Товчхондоо, цар тахлын хүнд цагт Монгол Улс алсын зайны нислэг үйлдэх хүчин чадалтай агаарын хөлөгтэй байсан нь том давуу тал болжээ.

“МИАТ” ХК-ийн Нислэг үйлдвэрлэл, инженерийн хэлтсийн инженер Г.Төгөлдөр:

-“МИАТ” компани “Боинг 767-300ER” агаарын хөлгөөр 2014 оноос хойш нислэг үйлдэж байгаа. Энэ онгоцны Монгол Улсын бүртгэлийн дугаар нь JU-1021. Өөрөөр хэлбэл, энэ бол Монгол Улсын өөрийн эзэмшлийн агаарын хөлөг. “Ковид-19” цар тахлын үед энэ онгоц онцгой үүрэг гүйцэтгэж байна. Хэрэв бид өөрийн мэдлийн ийм онгоцтой байгаагүй бол вакцины татан авалтад хүндрэл учрах байсан. Учир нь, “Боинг 767-300ER” агаарын хөлгийн зорчигчдын суудлыг аваад оронд нь тооцоолол хийж вакцин тээвэрлэн авчирч байна. Хэрэв түрээсийн онгоц байсан бол дотоод зохион байгуулалтыг нь өөрчлөн вакцин тээвэрлэхэд заавал эзэмшигч талаас зөвшөөрөл авах ёстой. Цаад газраас зөвшөөрөл авах процесс нь өөрөө 1-2 сарын хугацаа шаарддаг. Харин манай улс өөрийн нэр дээр бүртгэлтэй агаарын хөлөгтэй байхын давуу тал цар тахал, цаг хугацаатай уралдаж буй энэ үед гарч байна.

Цар тахлын үед зорчигч тээвэр, вакцин тээврээс гадна карго ачааны ихэнхийг “Боинг 767-300ER” гэх энэ онгоц эх орондоо тээвэрлэж байгааг “МИАТ”-ийнхан онцолж байна. Стандартынхаа дагуу 252 зорчигч тээвэрлэх боломжтой энэ хөлөг 32 тонн ачаа зөөх хүчин чадалтай. Оргил жилдээ нийт дүнгээрээ 132 747 зорчигч, 1529 тонн карго ачаа тээвэрлэж байсан “Боинг 767-300ER” цар тахлын жилүүдэд Монголын агаарын ачаа тээвэрт хамгийн том хувь нэмэр оруулж байгааг дараах хүснэгтээс харж болно.

Түүнчлэн дундаа цэнэглэлгүйгээр буюу алсын зайд нислэг үйлдэх чадвартай нь энэ хөлгийн давуу тал юм. Алсдаа АНУ, Австрали зэрэг улс руу шууд нислэг үйлдэх боломжийг “Боинг 767-300ER” онгоц бидэнд олгож байна. Үүнийгээ батлан харуулж, Америкийн Сиэтл хот руу шууд нислэг үйлдэн 250 иргэнээ эх оронд нь авчирсан.

АНУ-аас худалдаж авч байсан “Боинг 767-300ER” агаарын хөлөг бол “Сайн сайхныг санхүүжүүлнэ” уриатай “Голомт” банкны хөгжлийг дэмжсэн онцлох төслүүдийн нэг гэдгийг энд зориуд цохон тэмдэглэе. Тодруулбал, Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компанийг “Боинг 767-300ER” онгоц худалдан авахад үндэсний тэргүүлэгч “Голомт” банк зээлийг нь өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлсэн. Энэхүү санхүүжилт нь агаарын тээврийн салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд томоохон түлхэц болсон гэж хэлж болно.

“Голомт” банк хөгжлийг дэмжсэн томоохон төслүүдэд санхүүжилт олгосоор ирсний нэг нь ийнхүү цар тахлын хүнд үед Монгол Улсын “хөлийг дүүжилж” байна. Гэхдээ цар тахал дуусна, дандаа бид маск зүүхгүй. Харин тэр үед Монгол Улсын эдийн засгийг сэргээхэд онцгой үүрэг гүйцэтгэх нэг салбар бол аялал жуулчлал юм. “МИАТ” компанийн нислэгийн чадавх, хүчин чадлыг нэмэгдүүлж Монгол Улс руу чиглэх агаарын замын зорчих хөдөлгөөнийг идэвхжүүлэх нь өөрөө аялал жуулчлалыг хөгжүүлэх том гарц билээ. Тэр үед ч “Боинг 767-300ER” агаарын хөлөг үүргээ гүйцэтгэсээр байх болно.

Г.ХУЛАН

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.