Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар танилцууллаа.
Ерөнхий сайд холбогдох дүрэм журмыг шинэчлэх үүргийг УОК-т өгсөн байна. Улбар шар түвшин болон шар түвшинд мөрдөх үйл ажиллагааг шинэчлэх даалгавар өгсөн.
11-р сарын 1-нээс 50 хувийн дүүргэлттэйгээр урлаг, соёл спортын үйл ажиллагааг нээх. Мөн одоо мөрдөгдөж байгаа хариуцлагын гэрээг шинэчлэх үүрэг өгөхөөс гадна хариуцлагын гэрээг шинэчлэх шаардлагатай гэж үзсэн байна.
Хоёрдугаар тундаа хамрагдсан иргэд вакцины гуравдугаар тундаа гурван сарын дараа хамрагдах хэрэгтэй. Мөн нэгдүгээр тундаа хамрагдаад хоёрдугаар тундаа хамрагдаагүй, гурван сар өнгөрсөн бол нэг, хоёрдугаар тундаа хамрагдах зөвлөмжийг ЭМЯ-наас өгч байна. Харин вакцины тунтай ч ковидын халдвар аваад эдгэрсэн хүн 21 хоногийн дараа гурав дахь тундаа хамрагдах боломжтой гэдэг танилцуулга өгсөн.
Агаарын хил тогтворжвол гадаадад вакцин хийлгэж амжаагүй монгол иргэд болон жуулчид Монгол Улсад вакцин хийлгэж болох уриалга гаргахыг салбарын сайдад даалгажээ
Замын -Үүд боомтын үйл ажиллагааг сайжруулах халдвар хамгааллын дэглэмийг үргэлжлүүлэх санхүүжилтийг шийджээ.
ОХУ-ын улс хилээ хааж байна гэсэн ташаа мэдээлэл байна. Хилийн боомтуудын үйл ажиллагаанд нөлөөлөхгүй гэх тайлбарыг ГХЯ-наас өгсөн байна.
Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болон барааны үнийг тогтворжуулахад хэрэглэх бодлогын талаар өнөөдрийн хуралдаанаар оруулж шийдвэрлэжээ.
Энэ талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Энэ жил махны үнийг тогтвортой байлгах зайлшгүй шаардлагатай байна. Иймд махны экспортыг хязгаарлаж, он дуустал мал, мах гаргахгүй.
Мөн ургац сайн байгаа. Одоогийн байдлаар ургац хураалт 80 гаруй хувьтай явж байна. нийт 480 орчим мянган тонн үр тариа хурааж авсан. Энэ жил тариалалт нэмэгдсэнтэй холбоотойгоор гурилын үйлдвэрүүдэд улаан буудайн илүүдэл гарч байгаа. Иймд 100-150 мянган тоннтой тэнцэх шаардлага хангасан улаан буудайг буюу илүү гарсан нөөцийг Засгийн газар эх үүсвэр гарган худалдан авч, газар тариалангийн үйлдвэрүүдийг дэмжих шийдвэр гаргалаа.
Ургамлын тос дэлхийн зах зээлд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 60 орчим хувийн өсөлттэй явж байна. ХХААХҮЯ дараагийн Засгийн газрын дараагийн хуралдаанаар дотоодын ургамлын тос үйлдвэрлэгчийг борлуулалтын НӨАТ-аас чөлөөлөх хуулийг хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ.
Бүх төрлийн будааг импортлоход буюу тээвэрлэхэд үүсээд буй асуудлыг урд хөрш болон ГХЯ, ЗТХЯ-тай хамтран шийдвэрлэхээр болсон. Хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт нь зогссон 190 орчим вагон бий. Хятадын талаас урьдчилсан байдлаар арваннэгдүгээр сарын 1-нээс 30 орчим вагоныг нэмж гаргах урьдчилсан хүсэлтийг өгсөн. Баттай хариу гараагүй байна.
Нарийн ногооны асуудал нь Эрээн хотод гарсан КОВИД-19-той холбоотойгоор үүсэж байгаа. Ийм учраас цаанаас ирэх тээврийг Замын-Үүд рүү шууд ирэх боломжийг судалж байна" гэв.
Гамшгийн үеийн бэлэн байдлын зэрэг, мөрдөх журамд өөрчлөлт оруулах, нэмэлт сэргээх тунгийн дархлаажуулалтыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг талаар УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өглөө.
"Одоогоор "Улаан", "Улбар шар", "Шар", "Ногоон" гэсэн дөрвөн зэрэглэл бий. Энэ нь вакцинжуулалт хийгдээгүй, халдварын тархалт эхэлж байсан үе, мөн вирусийн халдвартай холбоотой мэдээлэл танигдаагүй буюу шинэ тутам байх үед батлагдсан журам бөгөөд тухайн үед үүргээ гүйцэтгэж дууссан гэж үзсэн. Иймд цаашид вакцинжуулалттайгаа холбож хүн ардынхаа эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийнхаа байдалтай уялдуулж, тодорхой шинэчлэлт хийх шаардлагатай гэж үзсэн. Энэ талаар өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, яаралтай шинэчлэх чиглэлийг Ерөнхий сайдаас авсан.
Коронавируст халдварын цар тахал нь анхны дэгдэж байсан хувилбараасаа хэд хэдэн удаа өөрчлөгдөн вакцины үйлчлэлд тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Манай улсад тав, зургаадугаар сард Альфа хувилбар тархаж байсан бол наймдугаар сарын сүүл, ес болон аравдугаар сарын давлагаанд дельта хувилбар 90-ээс дээш хувьтай давамгайлж байна. Энэ нь вакцины үйлчлэлийг бууруулж байна.
Түүнчлэн вакцин хийлгэснээс тодорхой хугацааны дараагаар дархлааны түвшин буурч байгаа тухай судалгааны үр дүн бий тул нэмэлт сэргээх тунг хийж эхэлсэн. Манай улсын иргэд өндөр хувьтайгаар дархлаажуулалтад хамрагдсан нь цар тахлын үед зарим үйлчилгээгээ нээх боломжтой болсныг онцолж хэлэх нь зүйтэй.
ЭМЯ, ХӨСҮТ, УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн судалгаагаар дельта хувилбарын оргил үе есдүгээр сарын 20-ноос аравдугаар сарын эхэн үе хүртэл үргэлжилсэн. Одоо буурч эхэлж байна. Гэхдээ хөдөлгөөний эрчим их байгаа тул буурах хурд бага байна" гэв.
Мөн ЗТХЯ, ЭМЯ, ГХЯ гэх мэт байгууллагын албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын баг боомтуудад гацсан эм, эмнэлгийн хэрэгслийг нэн даруй татан авах төлөвлөгөө гарган ажиллаж байна гэх мэдээллийг өгсөн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.