ОХУ-д коронавирусийн эсрэг вакцин тариулсан хүн цочмог хариу урвалын улмаас нас барсан тохиолдол одоогоор бүртгэгдээгүй гэж Гамалейн судалгааны хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч Владимир Гущин мэдэгджээ.
Тэрээр "Одоогийн байдлаар 100 сая гаруй хүн вакцинд хамрагдаад байгаа билээ. Вакцины сөрөг үр дагавар нь ховор үзэгдэл бөгөөд ойролцоогоор сая вакцинд нэг тохионо. ОХУ-д вакцины цочмог хариу урвалын улмаас нас барсан хүн одоог хүртэл бүртгэгдээгүй байна" хэмээн тэмдэглэсэн юм.
Түүнчлэн, Оросын эрдэмтэд вакцинаа цар тахлын шинэ төрлийн хувилбаруудад тохируулах технологийн хүчин чадалтай хэдий ч одоогоор тийм шаардлага байхгүй байгаа гэдгийг Гущин онцолсон байна. Тэрээр "Одоо ашиглаж байгаа вакцин маш үр дүнтэй тул үүнийг өөрчлөх нь утгагүй явдал" гэж хэлжээ.
"Спутник V" вакцин нь коронавирусийн халдварын эсрэг 83 хувь, эмнэлэгт хэвтэхээс 90 хувь, харин нас барах эрсдэлээс 95 хувь хамгаална гэж эмнэлзүйн туршилтаар батлагдаад байгаа билээ.
ОХУ-д өнөөдрийн байдлаар цар тахлын халдварын нийт 8,316,019 тохиолдол бүртгэгдэж, 232,775 хүн нас бараад байна.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.