СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Т.Чимгээ: Томчуудын тоглоом болж хэлмэгдсэндээ харамсаж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр зургаан жил хоригдсон Т.Чимгээтэй ярилцлаа. Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгахаар прокурорт буцааж, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг сулласан. Т.Чимгээ дээрх хэрэгт шалгагдах явцдаа эрүүдэн шүүлгэж, хэргийн хохирогч болсон билээ. Болж өнгөрсөн үйл явдлын эргэн тойронд түүнтэй дэлгэрэнгүй ярилцсанаа хүргэе. 

 -Таны биеийн байдал гайгүй юу. Эмчилгээ хийлгэж чадсан уу?

-Эрүүл юм надад алга. Суллагдсанаасаа хойш эмнэлэгт сайн үзүүлж чадаагүй. Санхүүгийн боломж алга. Орох оронгүй, маш хүнд амьдарч байна. Эмнэлэгт үзүүлэх гэхээсээ илүүтэй амьдрах гэр, оронтой болох юмсан гэж бодож явна. Дараа нь эмнэлэгт үзүүлэх асуудлаа бодно. Амьдрал хэцүү байна. Нийгэмдээ зохицож, хөл нийлэх амаргүй байна. Гэр оронгүй, эрхэлсэн ажилгүй хүн шүү дээ.

-Үйл явдал анх хэрхэн өрнөсөн талаар яриагаа эхлэх нь зүйтэй байх?

-Ц.Амгаланбаатар учир битүүлэг мессеж бичсэнээс л энэ үйл явдал эхэлсэн. Анх 2013 оноос намайг баригдах хүртэл Ц.Амгаланбаатар 49 удаа мессеж бичиж, утсаар ярьсан. Харин Б.Содномдаржаа руу 263 удаа утсаар ярьж, мессеж бичсэн байдаг юм билээ. Бичиг үсэг мэдэхгүй Ц.Амгаланбаатар ямар ч алдаагүй мессеж бичнэ. Латинаар нэг үг бичиж чадахгүй байж алдаагүй мессеж ирүүлдэг байсан. Ц.Амгаланбаатар сүүлд өөрөө шүүх хурал дээр хэлсэн. “Би мессеж бичдэггүй байсан, бичиж чадахгүй” гэж. Гэтэл Ц.Амгаланбаатар “УИХ-ын гишүүн С.Зоригийг чи алаа биз дээ. Тэр талаараа хүмүүст хэл. Үр хүүхдийг чинь ална. Хүүг чинь алаад, толгойг нь чамд аваачиж өгнө” гэх зэргээр мессеж ирүүлдэг байв. “Танай хүү Дөлгөөн ийм хувцастай, тэнд явж байна” гэж хажууд нь байгаа юм шиг бичдэг байв. 

-Таныг тагнуулынхан анх баривчлахдаа ямар нэгэн тайлбар хэлсэн үү?

-Намайг 2015 оны наймдугаар сарын 31-ний өглөө Эрдэнэт хотод ажилдаа явахаар автобусны буудал дээр зогсож байтал хар машинтай хүмүүс ирж зогсоод, гар гавлаад баривчилсан. Хар өнгийн баг өмссөн, буутай хүмүүс миний толгойд хар уут углаад авч явсан. Одоо миний мэдэж байгаагаар тэр үед Тагнуулын ерөнхий газрын мөрдөгч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, О.Бямбажав нар байсан юм билээ. Тэр үед надад өөрийгөө танилцуулж, ямар шалтгаанаар баривчилж байгаагаа тайлбарлаагүй. Өглөө 06:30 цагт Эрдэнэтээс баривчлаад шөнийн 00 цагт Төв аймгийн мөрдөнд аваачиж, толгойд угласан уутаа авч, гаваа салгаж Төв аймгийн цагдан хорих байгууллагын хонгилд хорьсон. Уг нь хонгилд хүн хорих ёсгүй юм билээ. Усанд оролгүй, дотуур хувцсаа солилгүй гурван сар болсон. Би чинь эмэгтэй хүн шүү дээ. Хүйтэн өрөөнд дан өмд, футболк, хоёр өрөөсөн углааштай гурван сар байсан. 

-Таныг баривчилсан даруйдаа гэр бүлийнхэнд тань мэдэгдсэн байсан уу. Өмгөөлөгч хэдийд нь авсан бэ?

-Хоригдсоноосоо хойш ар гэрийнхэнтэйгээ гурван сар уулзаагүй. Мөн өмгөөлөгч уулзуулалгүй гурван сар болсон. Өмнө нь өмгөөлөгчийг надтай уулзахаар ирэхэд “О.Бархасбадиас зөвшөөрөл ав” гээд хорихынхон гурав, дөрвөн удаа буцаасан байдаг юм. Мөн мөрдөн байцаагч О.Бямбажавт хандан ар гэрийнхэн маань өмгөөлөгч авсан эсэх тухай асуухад “Чи ар гэрийнхэндээ хаягдсан юм билээ. Танай ар гэрийнхэн ерөөсөө холбоо барихгүй байна. Чи өмгөөлөгч авч, би ажлаа явуулмаар байна. Чамд хувийн өмгөөлөгч олдохгүй. Улсын өмгөөлөгч авах хүсэлтээ бичиж өг” гэсэн. Тэгэхэд нь улсын өмгөөлөгч авах хүсэлт бичиж өгсөн. Хэд хоногийн дараа О.Бямбажав ирж “Танай ар гэрийнхэн чамд өмгөөлөгч авсан байна. Өмгөөлөгч чиний хэрэгтэй танилцсанаа “Ийм аймаар хэрэг хийсэн хүнийг өмгөөлж чадахгүй” гээд явчихлаа” гэсэн. Тэгж худлаа ярьсан. Эрдэнэтээс надад өмгөөлөгч авсан юм билээ. Гэхдээ “Хот руу ирж очиход хол учраас хэцүү юм байна” гэж тухайн өмгөөлөгч манай ар гэрийнхэнд тайлбарласан байдаг. Үнэндээ тухайн өмгөөлөгчийг тагнуулынхан айлгасан юм билээ. Түүнээс хойш манай ар гэрийнхэн С.Оюунцэцэг өмгөөлөгчийг авч ажиллуулсан.

-Ц.Амгаланбаатар таны өрөөнд шөнө орж ирж, дарамт үзүүлж буй бичлэг олон нийтэд ил болсон. Ийм тохиолдол олон байв уу. Эсвэл нэг удаа болсон үйлдэл үү?

-Нэг удаа миний өрөөнд орж ирсэн нь тэр. 2015 оны есдүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө миний өрөөнд цээж нүцгэн орж ирсэн. Гэхдээ өөр байдлаар олон удаа дарамталсан. Ц.Амгаланбаатарыг үүдээр явуулна. “25 жилийн ялтай надад шээх газар байна уу” гэж Ц.Амгаланбаатар орилж явна. Өрөөний камераар харснаа “Т.Чимгээ п... энд байгаа юм уу. С.Зоригийг алсан талаараа яриач” гэж хаалга нүддэг байв. Шүүхээс 25 жил ял сонссон ялтан бие засах газар хайгаад дур зоргоороо явдаг. О.Бархасбадь, С.Баяр, О.Бямбажав нар намайг ээлжилж байцаадаг байсан. Гол төлөв О.Бямбажав ирж намайг байцаана. “Хэргээ ярь. Нөгөө хүмүүс чинь хэргээ хүлээсэн. Чи хүлээхгүй байна. Чамайг хэрэг хийснийг чинь бусад чинь хэлчихээд байна” гэж О.Бямбажав байнга дарамталдаг байлаа. 

-Танд мансууруулах бодис өгч, гарын хээ авсан байдаг. Энэ хэзээ болсон явдал вэ?

-Намайг баривчлахаас өмнө 2015 онд болсон. Надад хэрэг тулгахын тулд гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан юм билээ. О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, О.Бямбажав, Б.Хурц нарын тагнуулынхны хийсэн ажил. Түүнийгээ гүйцэтгэх ажиллагаа гэж нэрлээд байгаа юм. Мөн тэр үед, намайг баривчлахаас өмнө Ц.Амгаланбаатартай уулзуулж байсан. Түүний гарыг нь гавлаж, хөлийг нь гинжилсэн байв. Намайг айлгах гэж л оролдсон нь тэр байх. Би мартаж, санадаг болсон байна. Аймшигтай олон зүйл болсон. Заримыг нь мартаж дээ.

-Б.Булгантай таныг нүүрэлдүүлж байсан юм уу?

-Б.Булгантай нүүрэлдүүлж байгаагүй. Мөрдөн байцаагч О.Бямбажав “Б.Булган чиний зургийг хараад таньсан” гэж хэлсэн. Тэгэхэд нь би “Түүнтэй нүүрэлдье. Намайг уулзуул” гэж хэлэхэд О.Бямбажав “Хуульд хориотой. Нэг хэргийн хоёр сэжигтэнг уулзуулж, нүүрүүлдүүлж болдоггүй” гэж хэлдэг байсан. Б.Булган “Би түүнийг мөн гэж хэлж чадахгүй” гэж мэдүүлсэн байдаг. Намайг таньсан зүйл байхгүй. Шүүгдэгчдийн зүгээс анхан шатны шүүх хурал болохын өмнө Б.Булганыг шүүх хуралд оруулах хүсэлтүүд өгсөн. Гэтэл “Б.Булган шүүх хуралд орохоос татгалзсан” гэсэн хариу ирсэн. Гэтэл Б.Булган шүүх хуралд оролцох хүсэлтэй байсан юм билээ. Тэгэхээр Б.Булганыг анхнаасаа хуралд оруулах сонирхолгүй байсан нь ойлгомжтой.

-Прокурор, шүүхийн байгууллагын ажилчид та нарыг энэ хэргийг үйлдсэн гэж тайлбарлаж ирсэн. Бид ч хуулийн байгууллагад итгэх ёстой. Шүүх ямар нэгэн үндэслэлгүй шийдвэр гаргах ёсгүй. Баримт нотолгоонд суурилсан байх ёстой гэдэг талаас нь хандаж ирсэн. Гэвч нөхцөл байдал өөрөөр эргэчихээд байна?

-Нотлох баримт гэж юу ч байхгүй. Ганц нотлох баримт гэж үзэж байгаа зүйл нь гэрчийн мэдүүлэг байдаг. Тухайн хэрэг гарах үед “Хан хараацай” гэж зочид буудлын үйлчлэгчээр ажиллаж байсан Д.Марууш гэж хүн гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Тэр хүн намайг харсан гэж мэдүүлсэн. Сүүлд тэр Д.Марууш гэж хүн шүүх хуралд оролцож, гэрчийн мэдүүлэг өгсөн. “Энэ хүн өндрөөрөө таарахгүй юм байна. Нүүр царай нь ч өөр байна” гэж өмнөх өгсөн мэдүүлгээсээ буцсан. Хэргийг үйлдсэн хүмүүс нь эрэгтэйгээсээ эмэгтэй нь өндөр гэдэг шүү дээ. Гэтэл Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нараас би намхан, 160 см өндөртэй. Харин тэр хоёр 180 см өндөртэй хүмүүс. Тэгэхээр таарахгүй байгаа биз дээ.

-Таны ам зураг таарсан гээд олон нийтэд нэг зураг цацагдаад байдаг шүү дээ?

-Тэр чинь 1992 онд зурсан ам зураг биш. Намайг тагнуулынхан баривчилсныхаа дараа манай гэрт нэгжлэг хийж, миний зургийг авч явсан. Тэр зурагнаас харж зурахаар адилхан болно биз дээ. Ам зураг өнгөт байдаг юм уу. Олон нийтэд гаргаад байгаа зураг чинь өнгөт зураг байдаг. 

-Шүүх хурлын үйл явц хуулийн дагуу болж чадсан гэж боддог уу. Шүүгдэгчид үгээ хэлэх, өмгөөлөгч мэтгэлцэх боломжоор хангагдаж чадсан уу?

-Маш хүнд нөхцөлд шүүх хурал болсон. Намайг болон өмгөөлөгчийг олигтой үг хэлүүлээгүй. Шүүх хурал тав хоног үргэлжлэхэд өмгөөлөгч нар өөрийн байр сууриа хамгаалж үг хэлэхэд ерөөсөө хүлээж аваагүй. Өмгөөлөгч нарын хэрэг хийгээгүй гэдэг нотлох баримтыг шүүх үгүйсгэж чадаагүй. Шүүхийн зүгээс “Өмгөөлөгч нарын тавьж буй асуудлыг ийм нотлох баримтаар няцааж байна” гэсэн тайлбар байдаггүй. Өмгөөлөгч нар тав хоног бүх боломжтой зүйлээ хэлж, мэтгэлцсэн ч шүүх хүлээж аваагүй. Тэгсэн мөртлөө өмгөөлөгч нарын тавьсан асуудлыг шүүх үгүйсгэж чадаагүй.

Анхан шатны шүүх хурал болохоос өмнө нь надад шүүх хурал болох гэж байна ч гэж хэлээгүй. Цагдан хорих төвийн өрөөнөөс намайг гавлаад, толгойд хар уут углаад шүүх рүү авч явсан. Өвлийн хүйтэнд дан өмдтэй, нимгэн цамцтай, углааш өмсүүлээд Төв аймгаас Улаанбаатар хотод авчирч шүүх хуралд оруулсан. Урьдчилан хорих 461 дүгээр ангийн эмэгтэй намайг үзлэгт оруулахдаа “Өмд өмсүүлээч. Наад эмэгтэй чинь хөлдөж үхлээ” гэхэд үгүй гээд өмд давхарлаж өмсүүлээгүй. Хүний буруу, зөвийг шүүхэд дулаан хувцастай байх эсэх нь ямар хамаа байна. Илэрхий дарамт байгаа биз дээ. 

-Таныг полиграфийн шинжилгээнд оруулсан юм билээ. Тэр ямар учиртай шинжилгээ байв?

-Би бол полиграфийн шинжилгээ нь хүний ярьсан зүйлийг үнэн хэлж үү, буруу хэлж үү гэдгийг баталж, нотолдог гэж ойлгоод баярлаж байсан. Тэгж бодоод полиграфийн шинжилгээнд орсон. Гэтэл тийм биш юм билээ. Нотлох баримтын хэмжээнд үнэлдэггүй гэсэн. Тэр полиграфийн шинжилгээнд орохын өмнөх шөнө Ц.Амгаланбаатар миний өрөөнд орж ирж, дарамталсан байсан. Өглөө нь би полиграфийн шинжилгээнд орохоор очиход “За сайхан амарсан уу. Пиво уух уу, вино уух уу” гэж хэлсэн. Юу гэсэн үг вэ. Полиграфийн шинжилгээнд оруулах гэж байж ийм юм яриад сууж байх нь зөв үү. Надаас айлгасан, сүрдүүлсэн асуулт асууж байсан. “Чи хүн алах гэж явахдаа ямар машинтай явсан. Улаан машинтай явсан уу”, “Хэргийн газраас кетчуп алга болсон. Чи түүнийг яасан, хоолондоо хэрэглэсэн үү” гэх шиг. Бид чинь уг нь тэдний хэлдгээр их мөнгө авч хүн алсан хүн биз дээ. Тэгвэл тийм хоолны амтлагч зэргээр яах юм. Эсвэл хэргийн газраас “Кетчуп алга болсон байсан. Энэ хэргийг ахиун зорилгоор иймэрхүү ядарсан хүмүүс үйлдсэн” гэж олон нийтэд ойлголт төрүүлэх гэж байгаа юм уу. Надад хийсэн хэрэг байхгүй учраас би мэдэхгүй гэдгээ хэлсэн. 

-Таныг байцааж байхдаа мөрдөн байцаагч нар ямар нэг зүйл амлаж байв уу?

-Үгүй. Би “Надад хийсэн хэрэг байхгүй” гэж хатуу хэлдэг байсан учраас байцаагч нар “Чи тэгээд хэлчих” гэж хэлж чаддаггүй байсан байх. “Хуулийн байгууллагын мөрдөх ажиллагаа хатуу ч гэсэн буулт нь зөөлөн. Чи хэргээ хүлээчих. Тэгвэл ял чинь хөнгөрнө. Шоронгоос гарах боломж ч бий” гэж дарамт, шахалт үзүүлдэг байсан. Өөрөөр хэлбэл, намайг хуурч хэрэг хүлээлгэх сонирхолтой байсан байх. Б.Содномдаржаад бол дарамт шахалт үзүүлж, хуурч байгаад янз янзын юм хэлүүлчихсэн байлаа шүү дээ. Түүнтэй адилхан надаар худал мэдээлэл хэлүүлэх гэж оролдсон. Хэрэг хийгээгүй учраас худал хэлж чадаагүй.

-Шүүх хуралд оролцохдоо Ц.Амгаланбаатар ямар мэдүүлэг өгч байв. Та хоёрыг хамт хэрэг үйлдсэн гэж мэдүүлсэн үү, аль эсвэл мэдүүлгээсээ буцсан юм уу?

-Анхан шатны шүүх хурал дээр бид хоёрыг гүтгэж, хэргийг үйлдсэн гэж ярьсан. Харин Б.Булган мэдүүлэг өгөхдөө хоёр хүн орж ирсэн гэж хэлдэг. Гэтэл Б.Амгаланбаатар мэдүүлэг бүртээ өөр юм ярьсан байдаг. 

-С.Зоригийг хөнөөсөн хэргээ нуун далдлахын тулд “паар” хочит Отгонбаатар нарын дөрвөн хүнийг галдан шатаасан гэж та нарыг шүүхээс буруутгасан. Энэ хэргийг мөн шүүх буруу шийдвэрлэсэн болж таарав уу?

-Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарыг энэ хэргийг үйлдсэн гэж шүүх буруутгасан. Намайг энэ хэрэгт холбогдуулаагүй. Гэвч мөн л энэ хэргийг тэр хоёр үйлдээгүй шүү дээ. Ц.Амгаланбаатар “Би Отгонбаатарын гэрийн үүдний таамбарт нь очиж, 20 литрийн савтай бензинийг нь асгаж, гал тавьсан” гэж хэлсэн байдаг. Гэтэл шүүх хуралд Онцгой байдлын газрын шинжээч нар оролцож, тайлбар хэлэхдээ “Хэрэв Ц.Амгаланбаатарын хэлж байгаагаар битүү орчинд их хэмжээний бензинийг асаасан бол дэлбэрч, өөрөө түлэгдэх ёстой. Энэ хүн худлаа ярьж байна” гэж няцааж байсан. Сүүлд нь ч Ц.Амгаланбаатар “Би зохиож худлаа ярьсан гэж хэлсэн байдаг. Гэтэл Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан гэж хүн “Энэ хүмүүс дөрвөн хүн шатааж алсан. Нотлогдсон” гэж парламентын чуулганд ярьсан байна лээ. Ингэж дураараа худлаа ярьж байгаа нь гутамшигтай. 

Ийм байтал Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарыг галдан шатааж алсан гэж шүүх үзсэн. Эндээс л биднийг яаж хэлмэгдүүлэх гэж байсан нь тодорхой байдаг. Гурван шатны шүүхээр хорих ял сонссон, шорондоо хатаад үхнэ гэж бодсон байх. Гэтэл эрүүдэн шүүсэн гэдэг шинэ нөхцөл байдал үүссэн. Цаазын ял тэр үед хэрэгжиж байсан бол Б.Содномдаржаа цаазлуулчих байлаа. Би эмэгтэй хүн учраас цаазлуулахгүй үлдэх ч насаараа шоронд байх байсан.

-Эмэгтэйчүүдийн хорих ангийн нөхцөл байдал ямар байв?

-Гурван шатны шүүхээс хорих ял сонсоод Эмэгтэйчүүдийн 407 дугаар хорих ангид очиход Урьдчилан хорих төвд байсан дарамт адилхан үргэлжилсэн. Намайг ар гэрийнхнээс эргэх гээд хуулийн хугацаандаа очиход уулзуулдаггүй байсан. “Тог тасарчихлаа. Бичиг баримт нь дутуу байна” гэж хэлээд гэрийнхэнтэй уулзуулдаггүй. Эмэгтэйчүүдийн 407 дугаар хорих ангийн дэд дарга Баттулга гэж хүн намайг байнга дарамталдаг байсан. Өрөөндөө дуудахаар нь “Би хэрэг хийгээгүй. Хаана хандахаа мэдэхгүй байна” гээд уйлахад “Чи 24 жил уйлаад суух юм уу. Гурван шатны шүүх чамд ял оноочихсон. Байгаа орчиндоо дасаад ялаа эдэл” гэж хэлсэн. 

Цагдан хорих төвд ч ганцаараа, эмэгтэйчүүдийн хорих ангид ч ганцаараа байсан. Зовлонгоо ярих нэг ч хүн байхгүй, дотроо бэтгэрээд шаналдаг байлаа.

-Хэргийн захиалагч нь тодорхой болсон тухай мэдээлэл цацагдаж байв. Гэтэл өнөөдрийг хүртэл албан ёсны хуулийн байгууллагаас тайлбар, мэдээлэл хийгээгүй. Захиалагчийн тухай яриа хаанаас үүдэлтэй вэ?

-Энэ хэргийг Ц.Амгаланбаатарын мэдүүлэг дээр үндэслэж шийдсэн. Ц.Амгаланбаатар цаг хожиж, нар салхинд явах гэж худлаа мэдүүлэг өгсөн тухайгаа шүүх хурлууд дээр хэлж байсан. Мэдүүлэгтээ “Э.Бат-Үүл захиалж, би түүнээс мөнгө авч, хэргийг үйлдсэн” гэж мэдүүлсэн байдаг. Энэ мэдүүлгийн дагуу Э.Бат-Үүлийг хэргийн захиалагчаар татсан. Түүнийг барьж хорьсон байдаг. Тэгээд дараа нь батлагдахгүй байна гэж үзээд сулласан. Гэтэл Ц.Амгаланбаатарын Э.Бат-Үүлийн талаар хэлсэн үг нь худлаа, Б.Содномдаржаа бид хоёрын талаар хэлсэн мэдүүлэг нь үнэн болоод шийдэгдээд явсан шүү дээ.

Хэргийн материалтай танилцахад “Би С.Зоригийг алсан” гэж хэрэг хүлээсэн Ц.Амгаланбаатарыг анх сэжигтнээр байцаасан байдаг. Маргааш өдрөөс нь сэжигтнээр байцаасан тогтоолоо хүчингүй болгоод Ц.Амгаланбаатарыг хоёр жил гэрчээр байцаасан. Хүн алсан гэж байгаа хүнийг гэрчээр хоёр жил байцааж, хууль зөрчсөн.

-Таныг “Захиалагчаа хэл. Эсвэл тэр хүнийг захиалагч гэж хэлчих” гэдэг ч юм уу тулгалт хийдэг байсан уу?

-Намайг шүүхээс ял сонсоод Эмэгтэйчүүдийн 407 дугаар хорих ангид очоод удаагүй байхад, тухайн үед Улсын Ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат гэж хүн ирж уулзсан. 

Г.ЭРДЭНЭБАТ ПРОКУРОР ХОРИХОД НАДТАЙ ИРЖ УУЛЗАХ ЯМАР ХЭРЭГ БАЙСАН ЮМ БОЛ

-Г.Эрдэнэбат гэж хүн яагаад хориход тантай уулзаад явж байдаг билээ?

-Шүүхээс хорих ял сонсчихсон надтай ирж уулзах ямар хэрэг байсан юм бол гэж бодогддог. Ц.Амгаланбаатар “Хэргийн захиалагч Э.Бат-Үүл. Би С.Зоригийг алсныхаа шанд 30 мянган төгрөг авсан” гэж хэлснийг тэр прокурор өөрөө мэдэж байгаа шүү дээ. Түүнийг лавшруулж, надаар үг хэлүүлэх гэж уулзаж байгаа юм уу, ойлгоогүй. Хэргийг нотолж чадаагүй байж, ямар худал мэдээлэл шинээр гаргаж авах гэж явсан бол гэж гайхдаг юм.

-Та бүгдийг эрүүдэн шүүсэн хэргээр Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын тагнуулын ажилтнуудад шүүх хорих ял оноосон. Эрүүдэн шүүсэн хэрэг нь ШШГЕГ-ын харьяа Төв аймаг дахь цагдан хорих төвд болсон. Тухайн хорих төвийн албан хаагч /хянагч/ нар танд эрүүдэн шүүх ажиллагаа явуулж байхад хяналт тавиагүй юм уу. Ажилдаа хариуцлагагүй хандсаных нь төлөө Цагдан хорих төвийн холбогдох хүмүүст хариуцлага тооцох ёстой байсан юм биш үү?

-Тэд тушаал биелүүлсэн. Улсын ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, ШШГЕГ-ын удирдлагууд хамтарч энэхүү эрүүдэн шүүх ажиллагааг явуулсан. Ер нь Цагдан хорих төвийн хүмүүст мөн хариуцлага тооцох ёстой байсан уу гэвэл тийм. Энэ бүхнийг хөөгөөд явбал, эрүүдэн шүүсэн хэргийг шалгах, гэм бурууг тогтоох асуудал дуусахгүй. Би энэ хэргийг энэ насандаа шийдүүлж чадахгүй учраас яг эрүүдэн шүүх ажиллагаанд оролцсон гол хүмүүсийн эсрэг гомдол гаргасан. Эрүүдэн шүүх ажиллагаанд голлон оролцсон О.Бямбажав гэж хүн хариуцлага хүлээгээгүй эрх чөлөөтэй алхаж байна. Одоо өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Хүнийг эрүүдэн шүүсэн гэмт хэрэг үйлдсэн хүнд өмгөөлөл хийх нь хэр зохистой байдаг юм бол доо.

-Ц.Нямдорж сайд тантай очиж, уулзаж байв уу?

-Миний ар гэрийнхнээс сайдад олон удаа өргөдөл, гомдол өгч хөөцөлдсөний үр дүнд, Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар хорих ангид байхад ирж уулзсан. Би байгаа нөхцөл байдлаа хэлсэн. Миний нөхцөл байдалтай танилцсаны үндсэн дээр Урьдчилан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт шилжүүлж, эмчилгээ хийлгэсэн. Энэ хэргийн үнэнийг гаргаж тавьсан Ц.Нямдорж, Х.Нямбаатар, Л.Болд, Ж.Батзандан нарт талархаж байна.

-С.Зоригийг хөнөөсөн хэргийг та бүхэнд үүрүүлж, хэргийг хаах сонирхол хэнд байсан гэж боддог вэ?

-Мэдэхгүй шүү дээ. Ядарсан хүмүүсийг золиосолж, томчуудын хийсэн ажил шүү дээ. Энэ хэргийг хаах гэж улайрч буй хүмүүс өөрсөдтэй нь холбоотой учраас ядарсан хүмүүст хэргийг тохчих сонирхолтой байсан гэж боддог. Томчуудын тоглоом болж хэлмэгдсэндээ харамсаж байна.

-С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагч нь Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл гэж олон хүн харддаг. Та энэ тухай юу хэлэх вэ?

-Би мэдэхгүй юм даа. Ц.Амгаланбаатарын хэлж байгаагаар Э.Бат-Үүл холбоотой гэсэн. Гэвч хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Гэтэл биднийг болохоор Ц.Амгаланбаатарын хэлснээр хэлмэгдүүлсэн.

-“Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ш.Отгонбилэг агсантай та бүхнийг холбож, хардсан нь бий. Та тэр хүнтэй уулзалдаж байсан уу?

-Би тэр хүнийг мэдэхгүй. “Эрдэнэт” үйлдвэрийн дарга гэж мэдэхээс, холоос ч барааг нь харж байгаагүй. Намайг хүн гэж тоож харах хэмжээний хүн биш шүү дээ. Тэр хүн онгоцоор ниснэ, би хоёр хөлөөрөө алхаж явдаг хүн.

-Хэрэг гарах үед та Дорноговь аймагт байсан гэдэг билүү?

-Тийм. Дорноговь аймгийн Сайншанд хотод хөгшин ээж, хүүхдүүдтэйгээ байсан. Талийгаач охин маань гуравдугаар анги, дунд охин нэгдүгээр ангид элсэн орсон байсан. Бага хүү хоёр настай, хөхүүл байсан. Хөгшин ээжийгээ асарч, хүүхдүүдээ сургуульд зөөгөөд амьдарч байлаа. Хүүхдүүдээ нэг улирал Сайншандад суулгаад, арваннэгдүгээр сард манайх Эрдэнэт хот руу шилжиж ирсэн.

-Танайх Эрдэнэтэд Ц.Амгаланбаатарынхтай айл байсан гэсэн үү?

-Ц.Амгаланбаатар бол манай нөхрийн төрсөн эгчийнх нь өргөмөл хүүхэд. Хэрэг гарах үед Ц.Амгаланбаатар нусаа хацар дээрээ наасан, нусаа авч чаддаггүй хүүхэд байсан. “Нус” Амгаа гэдэг хочтой байв. Худгаас ус авах гээд явахаараа гудамжны хүүхдэд зодуулчихаад ирдэг байсан хүүхэд шүү дээ. Юун хүн алах вэ.

-Гэхдээ Ц.Амгаланбаатар таксины жолооч хөнөөсөн хэргээр анх шоронд суусан биз дээ?

-Хэрэг хүлээх дуртай юм чинь худлаа хэрэг хүлээсэн байх ч магадлалтай. Би тэгж боддог. Би багаас нь ямар хүүхэд байсныг мэддэг болохоор хүн хөнөөсөн гэж итгэдэггүй. Их аймхай хүүхэд байсан. Тухайн үед Б.Содномдаржаа 24 настай, Ц.Амгаланбаатар 16 настай байсан. Ийм хүүхдүүд, хөхүүл хүүхэдтэй хүүхэнд улс төрийн захиалга өгч байна гэж байх уу. Б.Булган хавтас хэрэгтээ мэдүүлсэн байдаг. “Би эмч хүн. Энэ хүүгийн хэлээд байгаагаар бол би гэртээ ч байгаагүй юм шиг болж байна шүү дээ. Манай гэрт хоёр хүн орж ирсэн. Энэ хүүхдийн хэлж байгаачлан гурван хүн орж ирсэн гэдэг худлаа. Миний дүү улс төрийн золиос болж байгаа юм байна. Энэ ч их буруу даа. Манайд тэр үед хүүхэд орж ирээгүй шүү. Наад хүүхдээ эмнэлэгт үзүүл” гэж хэлсэн байдаг.

-Ц.Амгаланбаатар та болон Б.Содномдаржааг хэрэгт холбогдуулах, гүтгэх ямар үндэслэл байна вэ. Тантай Ц.Амгаланбаатар өс санасан зүйл бий юу?

-Өс санасан байх гэж бодох юм алга. Ц.Амгаланбаатарынх айл саахалт байхад тэр жаахан хүүхэд байсан. Тэгэхээр өс санасан зүйл байхгүй байх. Харин тагнуулын хүмүүсийн олз болсон гэж боддог. Ц.Амгаланбаатар үйлдсэн эзэн нь олдоогүй хүн амины ч юм уу томоохон хэргүүдийг “Би үйлдсэн, энэ хэргийг хийсэн” гэж мэдүүлэг өгдөг байсан юм билээ. Түүнийг нь шалгахаар худлаа байсан тухай хавтаст хэрэгт бичигдсэн байдаг. 

 

Тэгэхээр хамгийн ойрын хүмүүсээ хэлсэн байдаг. Би тэр айлын бэр. Б.Содномдаржаатай тэднийх зундаа хөрш хашаанд амьдардаг, түүнийг “Ахаа” гээд гүйгээд явдаг л хүүхэд байсан. Ойр дотныхоо хүний нэрийг хэлсэн гэж өөрөө ч бараг хэлсэн байдаг шүү дээ.

-Та өмнө нь хэрэгт холбогдож байсан уу?

-Хэрэгт холбогдох нь битгий хэл, шүүх, цагдаагийн байгууллагын хажуугаар явахаараа айдаг байсан хүн шүү дээ. Өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй. Энэ айхтар хүмүүсийн гайгаар зургаан жил тамлагдлаа. Гэр бүл, ах дүү нарынхаа амьдралыг сүйрүүлчихлээ. Миний төлөө гэр бүл, хамаатнууд минь байгаа жаахан юмаа өгөөд зүтгэлээ шүү дээ. Сайн өмгөөлөгчтэй таарсан нь харин надад аз байлаа. Миний өмгөөлөгчийг дарамталж, хүүхдийг нь хүртэл хэрэгт холбогдуулж байсан. Миний төлөө зүтгэсэн өмгөөлөгчдөө маш их талархдаг. Өмгөөлөгч маань шүүхийн худал хуурмагийн эсрэг хүчтэй зогсож чадсан.

-Улсын Дээд шүүхээс Б.Содномдаржаа болон таныг суллахдаа хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн тухай шүүх албан ёсны мэдээлэлдээ дурдсан. С.Зоригийг хөнөөсөн хэрэгт та сэжигтэн байна уу, эсвэл ямар нэгэн холбоогүй болсон уу?

-Ямар ч холбоогүй болсон гэж ойлгож байгаа. Намайг сулласнаасаа хойш байцаалт аваагүй. Хэргийг шалгаж байгаа ЦЕГ-ын харьяа Улсын мөрдөн байцаах газарт өмгөөлөгчөөрөө дамжуулан хандахаар төлөвлөж байна. Би энэ хэрэгт холбоотой эсэхийг тодруулж, албан ёсны хариу тайлбар өгөхийг шаардана. Хурдан шийдэж өгөх хүсэлтээ өгнө. 

-Таны охин энэ хэрэгтэй холбоотойгоор амиа алдсан гэж таны ар гэрийнхэн үздэг. Сэргээн шалгах хүсэлт өгсөн гэж сонссон?

-Би энэ хэрэгт холбогдож, хэлмэгдээгүй бол манай гэр бүл Эрдэнэт хотдоо элэг бүтэн амьдарч байх байсан. Гэтэл энэ хүмүүс биднийг хэлмэгдүүлж авчираад, гүйцэтгэх ажиллагаагаа миний нөхөр, том охин хоёрт явуулсан. Манай нөхрийг маш их дарамталдаг байсан. Талийгаач охиныг минь олон цагаар байцааж, дарамталж уйлуулаад гаргадаг байсан юм билээ. Нөхрийг минь байнга машинтай хүмүүс дагаж, байшин тойроод явахад нь дээрээс нь чулуу, мод, шил унагадаг байсан гэж ярьдаг. Охин минь байсан бол их л юм ярих байх. Миний охины үхэлд эрүүдэн шүүсэн хэргийг зохион байгуулсан хүмүүс холбоотой. Прокурорын байгууллагад хандахад “Сэргээн шалгах боломжгүй” гэдэг хариу өгсөн. Яг ямар үндэслэлээр сэргээн шалгах боломжгүй гэдэг тайлбар хэлээгүй. Би охиныхоо үхлийн шалтгааныг тодруулахаар дахин хандана.

-Та ярилцлагын төгсгөлд юу хэлэх вэ?

-Хууль шүүхийн байгууллага цаашид шударга болоосой гэж хүсэж байна. Б.Содномдаржаа бид хоёр шиг ядарсан хүмүүсийг битгий дахин хэлмэгдүүлээсэй гэж бодож байна. Ядарсан хүмүүс нь томчуудын золиос болмооргүй байна. Ядарсан хүмүүс л шоронд байна. Томчууд шоронд ордоггүй юм байна. Орсон ч гэсэн гэртээ байгаа юм шиг амьдардаг юм билээ.

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

Сурталчилгаа


Сэтгэгдэл (24)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin
3 жилийн өмнө
103.57.94.206

Чи хүн алсан байх магадлалтай хүн шүү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.6

Хөгийн новш

Зочин
3 жилийн өмнө
64.119.20.141

Дараагын ээлж чамайг сэг болтол чинь тамлаж хэрэг тохноо ТЕГазар

Зочин
3 жилийн өмнө
192.82.70.154

Энэ хүмүүс огт гэмгүй хүмүүс биш юм шиг санагддаг. Энэ аллагад ямар нэг сэжмээр холбоотой байх аа.

ЗОЧИН
3 жилийн өмнө
103.212.117.96

ДООРХИ СЭТГЭГДЭЛҮҮДИЙГ БАТ-ҮҮЛ БААТАР БИЧЭЭД БИЧҮҮЛЭЭД БНА УУ ҮГҮЙ ЮУ

Зочин
3 жилийн өмнө
202.21.107.75

ЯГ ГАРДАЖ ХЭЛМЭГДҮҮЛСЭН ХҮН ТАРВАГАЧМН ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ МӨНӨӨС МӨН...ТЭР ХҮН ХЭРГИЙГ ХААХ ГЭЖ БАЙГАА ЦАРАЙ...ХЭЛМЭГДҮҮЛСЭН ХҮМҮҮСЭЭС АР ГЭРИЙНХНЭЭС НЬ ХАРИУГАА АВАХ ХЭРЭГТЭЙ...ЁСТОЙ ЯГШТЭЭ..

Зочин
3 жилийн өмнө
103.212.117.146

Хэн ч яаж ч бодсон энэ хүний хийсэн гэм нь ил болчихоод байхад яаж ингэж гэмгүй царайлж худлаа ярьж байгааг нь харахад их л дээрээс хийсэн том хүний гар хөл гэдэг нь ойлгомжтой

Зочин
3 жилийн өмнө
103.80.211.124

harin tiimee. ene yamarch bsan holbootoi l baigaamdaa. mongoliin huuli shuuh araichdee. Aluurchin huniig ingeed gargaad, deerees ni bvvr yariltslaga awaad buruugui meteer oilguulaad bna shd. Suuldee bvvr toroos mongo neheh yum bnaldaa, bidnii tatwariin mongiig ene muu aluurchin awgaid ogood duusgah yum bnaldaa nowsh gej

Зочин
3 жилийн өмнө
64.119.18.199

Хөөрхий эмэгтэй үнэхээр хэлмэгдсэн гэж бодож бна нялх хүүхэдтэй хүн шдээ .хөгшин ээжтэйгээ байсныг батлаад бна.улс төрийхөн томчууд төөрүүлэх гэж сэтгэцтэй 16 настай гараар гүтгүүлсэн .үнэндээ.одоо цагаатгаа больж үз.

Доёо
3 жилийн өмнө
139.5.219.232

энэ хүүхэн чинь одоо бүр шоронжчихсон полгиграф хэзээч худлаа хэлдэггүй байх юу бүр толгойлогч нь Нямдорж Содбилэгийг дарамталж баахан мөнгө авчихаад эд нарыг түр сулласан байх энэ балиар авгай захиалагчаа хэлнэ гэсэн байх

zochin
3 жилийн өмнө
192.82.67.35

chamaig ugluu gereesee garhad chin barij horiood 6 jil zodood daramtlaad hereg huleelegchuul chi yaah be

Urgen
3 жилийн өмнө
202.9.46.144

Ха ха энэЧимгээ хүн алах гээд Амгаланбаатарыг дагаад явж байх уу.Хэнд ч ойлгомжтой.Энэ хэлмэгдүүлсэн хүмүүс нь хуйвалдсан л бн.

Иргэн
3 жилийн өмнө
202.9.46.144

Наад 2 хүнээ хурдан цагаатга.юу хийгээд ухаараад бгаан.Тэнэгүүд ээ.Шүүгчдээ.Прокурорууд аа.

Зочин
3 жилийн өмнө
103.26.195.207

ЯАНА ДАА ЯАНА ИЙМ Ч ЮМ БАЙХ ГЭЖ ЭНЭ БҮСГҮЙГ ХЭРЭГ ХИЙСЭН ГЭЖ ХЭН Ч БОДОХООРГҮЙ БАЙНА ХАРИН ЯМАР НӨХЦӨЛД МӨРДӨН ШАЛГАСАН НЬ ЕРДӨӨЛ АЙМШИГ ЭНЭ ХЭРГИЙГ ХАРИН МӨРДӨН ШАЛГАСАН ХҮМҮҮС НЬ МЭДЭХ ЮМ БИШҮҮ?

ОТГОНБИЛЭГ + НЯМДОРЖ
3 жилийн өмнө
64.119.20.234

ТҮРИЙНИЙ БӨӨС ТОЛГОЙД ГЭЖ ЗАХИАЛАГЧДЫН БАШИР ЯВУУЛГААР ЯЛ ЗАВШЧИХААД СИЙХГҮЙ ОЛОН ДОЛООН ЮМ ДОНГОСЧ БАЙНА !!!

Зочин
3 жилийн өмнө
103.80.211.124

yag yag. iim l zawaan yum bolood bnadaa

Зочин
3 жилийн өмнө
64.119.20.141

Дараагын ээлж чамайг сэг болтол чинь тамлаж хэрэг тохноо ТЕГазар

Шог
3 жилийн өмнө
66.181.161.60

захиалагч ОБ, ББ ийн бүлэглэл .

Hvn
3 жилийн өмнө
112.139.118.177

Menget saiddaa helee tednii aimaar tom ambaart ni ochij hamt amidaridaa.

ayanga
3 жилийн өмнө
202.126.89.227

hereg huuchrahgui tsag hugatsaa ungurhud ulam todorno hichneen yl zawshaj baigaach humuus chamaig aluurchin gedgiig medej baigaa shu

Цэрэнпунцаг
3 жилийн өмнө
202.126.89.62

Бүх зүЙл сайхан болноо амжилт хүсье

Зочин
3 жилийн өмнө
202.126.88.201

Энэ хэлмэгдүүлэлт байна

Зочин
3 жилийн өмнө
202.126.89.23

Ymartaich ene tsagiin xviten bashir argatai bvgd xuiwaldaan vvsgej xorongo mongonii dewiin shunaltai shulamnuudaas amid mend garsan tand ed nariin dolidognoj ogdog ter ardiin baatar tsoliig zowxon tand er zorig teswer tewcheer setgeliin xatiig tani xvndelj zowxon tand ogoy muu bvxnii lai duussan odo sain saixan bvxen tanii amidrald nar met gereltex bolonoo. Tanii ajil amidrald xamgiin sain saixniig xvsey.

Зочин
2 жилийн өмнө
202.21.104.98

муу шоронгийн хулгайч гичий

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.