Өнөөдрийн байдлаар сайжруулсан түлшний 62 мянган тонны нөөц байгаа аж. Мөн 35 тээврийн компанитай сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлтийн гэрээ байгуулан 200 мянга гаруй өрхийн түлшийг түгээн тээвэрлэж, хомсдол үүсэхээс сэргийлэн ажиллаж байгаа юм.
Коронавируст халдварт өвчний улмаас 2019 оныхоос дизель түлшний үнэ литр тутамдаа 700-1000 төгрөгөөр өсөж, хил гааль хаасантай холбоотойгоор сэлбэг хэрэгсэл, тос, тослох материалын үнэ хоёр дахин нэмэгдсэн тул “Сайжруулсан шахмал түлш тээвэрлэх гэрээ”-ний тарифт өөрчлөлт оруулах хүсэлтийг Монголын сайжруулсан шахмал түлш тээвэрлэгчдийн холбооны 35 тээврийн компаниас албан бичиг ирүүлжээ. Энэ тээвэрлэлтийн тарифыг 2022 оны төсөвт тусгах шаардлагатай байгааг Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө өчигдөр Нийслэлийн Засаг даргад танилцуулсан юм.
Манай улсад шатахууны үнэ өсөхөөр бусад бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг шиг шахмал түлшний тээвэрлэлтийн тариф нэмэгдвэл түлшний үнэ өсөх үү.
Энэ талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөөс тодруулахад “Шахмал түлшний үнэд нөлөөлөхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Тээврийн тарифын үнэ өртгийг нийслэлийн төсвийн урсгал зардалд багтаах учраас үйлдвэрлэлийн үнэ, өртөгт нөлөөлөхгүй” гэдгийг дурдлаа.
Уг асуудлыг маргаашийн НИТХ-д дэлгэрэнгүй танилцуулж, хэдэн төгрөгийг урсгал зардалд багтаах талаар хэлэлцэх гэнэ.
Сайжруулсан түлшний борлуулалт аравдугаар сарын 1-нээс эхэлсэн бөгөөд тухайн үед 128 цэг ажиллаж байсан бол өнөөдөр 511 цэг ажиллаж байна. Цаашид 600 болгон нэмэгдүүлэх юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.