Коронавирусийн цар тахал өнгөрсөн оны эхээр дэгдсэнээс хойш үйл ажиллагаагаа зогсоогоод байсан Өмнөд Солонгосын бүс нутгийн нисэх буудлууд ирэх 11 дүгээр сараас эхлэн олон улсын нислэгүүдээ сэргээх болжээ.
Тус улсын эрх баригчид олон улсын нислэгт тавьсан хязгаарлалтуудаа үе шаттайгаар хөнгөвчилж, ирэх сараас олон улсын нислэгийн үйлчилгээг тогтмол явуулахаар төлөвлөж байгаа талаар Газар, дэд бүтэц, тээврийн яамнаас мэдээлсэн байна. Эдгээр нислэгт вакцинд бүрэн хамрагдсан болон тусгаарлалтаас чөлөөлөгдөх гэрчилгээтэй хүмүүсийг хамруулах аж.
Тодруулбал, коронавирусийн эсрэг "Pfizer", "Moderna", "AstraZeneca", "Janssen" зэрэг вакцинд бүрэн хамрагдсан гадаадын болон солонгос иргэд олон улсын нислэгт хамрагдах боломжтой юм.
Түүнчлэн, гадаадын дипломат байгууллагуудаас олгосон тусгаарлалтаас чөлөөлөх гэрчилгээтэй иргэдийг олон улсын нислэгт хүлээж авна гэжээ. Үүнд, бизнес, эрдэм шинжилгээ, олон нийтийн болон хүмүүнлэгийн зорилгоор яаралтай болоод зайлшгүй нэвтрэх шаардлагатай хүмүүс хамаарах байна.
Олон улсын нислэгийн үйлчилгээг 11 дүгээр сарын сүүлээр Гимхэ олон улсын нисэх онгоцны буудлаас эхлүүлэх бөгөөд Сайпан руу хоёр, Гуам руу нэг чиглэл санал болгох юм. Харин 12 дугаар сард Дэгү, Чонжү, Муаны олон улсын нисэх буудлуудын нислэгийн тоог үе шаттайгаар нэмэгдүүлэх бөгөөд ирэх жилийн эхээр Гимпо, Чежү, Яньян дахь нисэх онгоцны буудлуудын үйл ажиллагааг мөн нэмэгдүүлэх аж.
Эх сурвалж: The Korea Times
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.