БНХАУ-ын Гансу мужийн нийслэл Ланжоу хотод коронавирусийн халдварын зургаан тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Халдварын шинэ тохиолдол гарсантай холбогдуулан дөрвөн сая хүнтэй хот бүхэлдээ хөл хорионы дэглэмд шилжлээ.
Ланжоу хотод оршин суугчдыг онц яаралтай тохиолдлоос бусад үед гэрээсээ гарахгүй байхыг шаардаж, автобус, такси, галт тэрэг зэрэг нийтийн тээврийн хэрэгслүүдийг зогсоосон байна.
Ковид-19 БНХАУ-д анх бүртгэгдсэнээс хойш Бээжин хилээ хааж, халдварын голомттой бүсэд хөл хорих, бүх нийтээр шинжилгээнд хамруулах аргуудыг хэрэгжүүлсээр ирсэн. Дэлхийн бусад улсууд коронавирустай зохицон амьдрах замыг эрэлхийлж байгаа бол Хятадын хувьд Ковид-гүй бүс болох зорилтыг тавьж байна.
Өнгөрсөн хоногт Хятадад халдварын 29 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр аравдугаар сарын 17-ны өдрөөс хойш нийт 198 тохиолдол илэрчээ. Эрх баригчид уг тархалт коронавирусийн дельта хувилбартай холбоотой гэж үзэж байна.
Бээжин хотод мягмар гарагт гурван шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд аялал жуулчлалын газруудын үйл ажиллагааг хязгаарлаж, иргэдийг шаардлагагүй тохиолдолд хотоос гарахгүй байхыг сануулжээ. Хятадын 11 мужид бүх нийтийг шинжилгээнд хамруулж, муж хооронд дамжсан аяллуудыг түр зогсоогоод байна.
Өвлийн Олимпын наадам болоход 100 орчим хоног үлдсэн. Олимпоос өмнө халдварын шинэ давлагааг намжаана гэж эрх баригчид төлөвлөж байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.