Египетийн Ерөнхийлөгч Абдул Фаттах аль-Сиси тус улсад 2017 оны 4 дүгээр сараас хойш хэрэгжиж байгаа онц байдлыг цуцалж байгаагаа зарлажээ.
Тэрээр өөрийн албан ёсны Фейсбүүк хуудаснаа Египет "аюулгүй бөгөөд тогтвортой байдлын баян бүрд" болсон тул онц байдлын хугацааг сунгахгүй гэж мэдэгдсэн байна.
Дөрвөн жилийн өмнө тус улсын хойд нутгийн Александриа, Танта хотуудын хоёр сүм тэсрэх бөмбөгийн халдлагад өртсөн бөгөөд үүний дараа Ерөнхийлөгч аль-Сиси хатуу арга хэмжээ авч, онц байдал зарласан юм. Үүний хүрээнд, цагдаа нарт илүү өргөн эрх мэдэл олгож, иргэний эрх чөлөөг хязгаарласан ба энгийн иргэдийг цэргийн шүүхийн өмнө шүүх болсон билээ.
Энэ нь Египет улсад урт удаан хугацааны онц байдал зарласан анхны тохиолдол биш юм. Ерөнхийлөгч асан Хосни Мубарак 1981 онд онц байдал тогтоож байсан бөгөөд тус арга хэмжээ нь 30 жилийн дараа түүнийг түлхэн унагах хүртэл үргэлжилжээ.
Абдул Фаттах аль-Сиси Ерөнхийлөгч асан Мохаммед Мурсиг цэргийн хүчээр түлхэн унагаснаасаа хойш нэг жилийн дараа буюу 2014 оноос хойш Египетийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа билээ. Тэрээр 2018 оны сонгуулиар дахин сонгогдсон хэдий ч сөрөг хүчнийхэн уг сонгуулийг бойкотлож, хүний эрхийн байгууллагуудын зүгээс ихээхэн шүүмжлэл илгээсэн юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.