Өмнөд Солонгосын "Samsung" группийн өв залгамжлагч И Жэ Ён мэдээ алдуулах үйлчилгээтэй пропофол эмийг удаа дараа хууль бусаар хэрэглэсэн хэргээр 70 сая воны торгууль төлөх шаардлагатай болжээ.
Сөүл хотын дүүргийн шүүхээс түүнийг Хар тамхины хяналтын тухай хуулийг зөрчсөн хэмээн буруутгаж, 70 сая воны торгууль ногдуулахаас гадна 17 сая воны хөрөнгийг нь нэмж хураах шийдвэр гаргасан байна. Энэ нь прокуроруудын шаардсантай ижил шийтгэл аж.
Прокуроруудын тогтоосноор, "Samsung Electronics" компанийн Орлогч захирал И Жэ Ён 2015 оны 1 дүгээр сараас өнгөрсөн оны 5 дугаар сарын хооронд пропофол эмийг нийт 41 удаа эмчилгээний бус зорилгоор хэрэглэсэн байна. Тэрээр тус эмийг Сөүлийн өмнөд хэсэгт байрлах гоо сайхны мэс заслын эмнэлгээс авч байсан гэнэ.
Үүнээс өмнө, И Жэ Ён авлигын хэрэгт холбогдон, 2.5 жилийн хорих ял сонсож, шоронд хоригдсон билээ. Тэрээр өнгөрөгч 8 дугаар сард хугацаанаасаа өмнө суллагдан, албан үүрэгтээ эргэн ороод байсан юм.
Эх сурвалж: Yonhap News Agency
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.