Бүгд Найрамдах Судан улсад төрийн эргэлт гарч, эмх замбараагүй байдал газар аваад байна. Цэргүүд Ерөнхий сайд болон Засгийн газрын бусад сайд нар, Тусгаар тогтносон зөвлөлийн гишүүдийг баривчлан саатуулсан. Төрийн эргэлтийг эсэргүүцсэн жагсаал цуглаан нийслэл Хартум хотод болсон бөгөөд армийн цэргүүд иргэд, жагсагчид руу гал нээсэн байна. Одоогоор цэргүүдийн галласан бууны суманд багадаа гурван хүн өртөж амиа алдаж, 80 гаруй хүн шархаджээ.
Төрийн эргэлтийг генерал Абдель Фаттах Бурхан удирдсан. Тэрээр даваа гарагт улс даяар онц байдал зарлахыг уриалж байна. Суданд болсон төрийн эргэлтийг дэлхийн бусад улс орнууд хурцаар шүүмжлэн буруутгаж, АНУ 700 сая ам.долларын зээл тусламжаа царцаажээ.
Цэргийнхний үйлдлийг эсэргүүцсэн жагсаал нийслэл Хартумаас гадна бусад хотод болж байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Иргэд цэрэг армийнхан төрийн эрх мэдлийг иргэний нийгмийн бүтцэд буцааж олгох ёстой хэмээн шаарджээ. Жагсагчид дугуй шатааж, тоосго давхарлан гудамж, замуудыг хаасан. Тэдэн дунд эмэгтэйчүүд олон байгаа ажээ.
Хартумын нисэх буудал хаалгаа барьж, олон улсын нислэгүүдийг зогсоогоод байна. Мөн интернэт, гар утасны ихэнх шугамуудыг хаажээ. Тус улсын төв банк улс орон даяар ажил хаялт зарлаж, эмч эмнэлгийн ажилтнууд цэргийнхний удирдлагад ажиллахаас татгалзаж байна. Тэд зөвхөн яаралтай тохиолдолд үйлчилгээ үзүүлж байгаа гэжээ.
Ерөнхий сайд Абдалла Хамдок болон түүний эхнэр, Засгийн газрын гишүүд, иргэдийг төлөөлсөн удирдагчдыг баривчлан, үл мэдэгдэх байршилд гэрийн хорионд оруулсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр Ерөнхий сайдад төрийн эргэлтийг хүлээн зөвшөөрөхийг цэргийн удирдагчид тулгасан ч тэрээр эсэргүүцсэн хэвээр байгаа юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.