Хаити улсад шатахууны хомстол үүссэний улмаас томоохон эмнэлгүүд дэх өвчтөнүүдийн амь нас эрсдэлд ороод байгаа талаар НҮБ-ын Хүүхдийн сангаас анхааруулжээ.
Тус улсын томоохон замуудыг гэмт хэргийн бүлэглэлүүд удирдаж байгаа бөгөөд барьцаалагдахаас айсан тээврийн жолооч нар ажлаа хийх боломжгүй болсны улмаас шатахууны нийлүүлэлт хэдэн долоо хоногийн турш тасалдаад байгаа аж. Мөн энэхүү аюултай нөхцөл байдалд бухимдсан жагсагчид замын хаалт босгосон нь шатахууны хүргэлтэд улам саад болж байгаа юм.
НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээлснээр, Хаитид эрчим хүч байнга тасалддаг тул ихэнх эмнэлэг өвчтөнүүдийг амьд байлгахын тулд түлшээр ажилладаг генераторуудыг ашигладаг байна. Өнөөдрийн /2021.10.26/ дотор шатахууны хүргэлт ирэхгүй бол ойролцоогоор 300 хүүхэд, 45 эмэгтэй болон 150 коронавирусийн өвчтөн эрсдэлд орно гэж тус агентлаг тооцоолжээ.
Хаитигийн нийслэл Порт-о-Пренс хотын нэгэн шатахуун түгээх станц түлшээ нөөцөлж байна гэж сэжиглэсэн иргэд тус станцыг шатаана гэж сүрдүүлсэн бөгөөд цагдаа нар цугласан олныг тараахын тулд гал нээсэн байна. Одоо жагсагчид замуудыг хааж, гудамжинд дугуй шатаан, эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм.
Тус улсад энэ он гарсаар нийт 800 орчим хүн гэмт хэргийн бүлгүүдэд барьцаалагджээ. Орон нутгийн 162 орчим гэмт хэргийн бүлэглэл улам өргөн уудам газар нутгийг хяналтдаа авснаар Хаити дахь аюулгүй байдлын түвшин огцом буураад байна.
Эх сурвалж: BBC, The Globe and Mail
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.