СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Судан улсад төрийн эргэлт хийсэн байж болзошгүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Судан улсын нийслэл Хартум хотод байрладаг Ерөнхий сайд Абдалла Хамдокийн гэрийг армийн цэргүүд бүсэлсэн байгаа гэрэл зургууд таржээ. Мөн Засгийн газрын сайд нар, Тусгаар тогтносон зөвлөлийн гишүүдийг армийн цагдаагийн дүрэмт хувцастай этгээдүүд баривчилж, хорих газарт аваачсаныг цахим сүлжээ, Reuters зэрэг хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд мэдээлж эхэлсэн байна. Үүссэн нөхцөл байдлаас харахад Судан улсад төрийн эргэлт гарсан байж болзошгүй.

Ерөнхий сайд Абдалла Хамдокийн гэрийн гадаа байгаа цэргүүд түүнийг хамгаалж байна уу, аль эсвэл гэрийн хорионд оруулсан дүр зураг уу гэдэг нь тодорхойгүй байна. Гэрчүүдийн ярьснаар даваа гарагийн өглөө нийслэл Хартум хотын гудамжинд жагсагчид цуглаж, баривчилгааг эсэргүүцсэн байна. .

Интернэт сүлжээг хянагч NetBlocks Суданд интернэтийн сүлжээг хаасан хэмээн даваа гарагт мэдэгдсэн байна. Үндэсний хэмжээнд сүлжээний холболт 34 хувьтай байна гэжээ. 2019 онд Ерөнхийлөгч Омар Аль Башарыг унагаснаас хойш тус улсад цэрэг армийнхан болон иргэнийг төлөөлсөн бүлгүүд төрийн эрх мэдлийг хамтран барилцахаар болж Тусгаар тогтносон зөвлөлийг байгуулсан юм.

Гэвч өнгөрсөн есдүгээр сард цэргийн хүчин төрийн эргэлт хийхийг оролдсон нь амжилтгүй болсноос хойш цэргийн удирдагчид Засгийн газрын танхимыг шинэчилж, Эрх чөлөө-өөрчлөлтийн хүчнийг шинээр бүрдүүлэх шаардлага тавьсаар ирсэн. Энэ сарын 17-ны өдөр Хартум дахь Ерөнхийлөгчийн ордны урд мянга мянган жагсагч цуглаж, цэргийнхэнд хандан эрх мэдлийг булаан авахыг уриалсан байна.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.