АНУ-ын сагсанбөмбөгийн од Коби Брайант өнгөрсөн жилийн нэгдүгээр сард охин Жианнагийнхаа хамтаар нисдэг тэрэгний осолд орж бусад долоон хүний хамт газар дээрээ амиа алдсан юм. Түүний бэлэвсэн эхнэр Ванесса Брайант нөхрийнхөө үхлийн тухай гар утсаараа дамжуулан цахим сүлжээнээс анх мэдсэн гэдгээ хэлжээ. Түүний утсанд ирсэн мэдэгдэлд “RIP Kobe” гэсэн үг байжээ.
Ванесса Лос Анжелесын Шерифийн хэлтсийг осолд хайхрамжгүй хандсан, хувийн нууцыг алдсан хэргээр шүүхэд зарга үүсгэсэн байна. Мөн офицеруудыг ослын газар болоод Коби, Жианна нарын нас барсан зургийг олон нийтэд цацсан хэрэгт буруутгаж байгаа юм.
Мэдүүлгийн үеэр прокурор хатагтай Брайантаас ослын тухай анх хэрхэн мэдсэнийг асуухад гэр бүлийнхээ туслах ажилтнаас ослын тухай мэдээ авсан ч амьд гарсан таван хүний дунд нөхөр, хүүхдээ байгаа гэж бодсон гэжээ. Гэвч уталгүй утсанд нь ирсэн мэдэгдэл, зурвасаас Коби нас барсан гэдгийг мэдсэн байна.
Энэ тухайгаа “би нөхөрлүүгээ залгахаар утсаа гартаа барьсан байсан. Гэнэт л RIP Kobe гэсэн мэдэгдлүүд утсаар минь дүүрэн ирсэн” гэж ярьжээ. Өнгөрсөн жилийн хоёрдугаар сард Лос Анжелес Таймс сонинд дотоод мөрдлөгийн үеэр цагдаагийн офицерууд ослын газар, хохирогчдын цогцосны зургуудыг олон нийтэд цацсан болохыг нийтэлсэн байсан юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.