Катарын нийслэл Доха хотод 2019 онд болсон Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 200 метрийн гүйлтэд гуравдугаар байранд орж хүрэл медаль хүртсэн Эквадор улсын тамирчныг гудамжинд буудаж хороожээ. 32 настай ойрын зайн гүйлтийн тамирчин Алекс Кинонезыг Гуаяакил хотод худалдааны төвийн гадаа үл таних хүн баасан гарагийн шөнө буудсан байна.
Эквадор улсын Спортын яамнаас аймшигт аллагын тухай мэдээлж “бидний мөрөөдлийг биелүүлсэн гайхалтай тамирчнаа алдлаа. Үндэсний цагдаагийн алба, холбогдох байгууллагууд хэргийг мөрдөн шалгаж байна. Тэр Эквадорын бүх ард түмний зүрхэнд үүрд мөнх оршино” гэжээ.
ДАШТ-ий хүрэл медальт тамирчны шарилыг Эсмералдас дахь Фолк Андерсон хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд ням гарагт оруулж, хүндэтгэл үзүүлсэн байна. Тус улсын Ерөнхийлөгч Гиллермо Лассо “спортод нэрээ тодоор үлдээсэн гайхалтай ойрын зайн гүйлтийн тамирчин, аав, хүү Алекс Кинонезыг алдсан явдалд гүн эмгэнэл илэрхийлж байна. Түүний амь насыг хөнөөсөн этгээдийг шийтгэлгүй өнгөрөөхгүй” хэмээжээ.
Кинонезын авсан хүрэл медаль энэ төрөлд эквадорчуудын авсан анхны дэлхийн медаль байжээ. Энэ жил болсон Токиогийн Олимпод түүнийг медаль авах хүчтэй өрсөлдөгчдийн нэгт тооцож байсан боловч дотоод журам зөрчсөн тул тэмцээнд оролцох боломжгүй болсон юм.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.