Их Британийн хатан хаан Элизабетийн биеийн байдал ойрын өдрүүдэд чилээрхсэн бололтой. Тэрээр энэ долоо хоногийн эхэнд олон нийтийн өмнө анх удаа таяг тулан гарсан бөгөөд лхагва гарагт Умард Ирландад хийх ёстой байсан айлчлалаа цуцалж, амрах хэрэгтэй болсон гэдгийг Букингэмийн ордноос мэдээлсэн билээ.
Тэгвэл хатан хаан лхагва гарагт эмнэлэгт хонож, пүрэв гарагт Виндсор шилтгээнд эргэн ирсэн байна. Түүнийг урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэгт орсон гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Букингэмийн ордны эх сурвалж хатан хааны биеийн байдал сайн бөгөөд пүрэв гарагт үдийн хоолны цагаар Виндсор шилтгээнд эргэн ирсэн гэжээ. Элизабет хатан Виндсор шилтгээнээс 30 гаруй км-т Лондон хотын төвд байдаг долдугаар Эдвард хааны нэрэмжит хувийн эмнэлэгт шинжилгээ өгсөн байна.
Хэдийгээр хатан хааны лагшин чилээрхсэн ч энэ нь коронавируст цар тахлын халдвартай холбоогүй ажээ. Хатан хааны тэмдэглэлээс харахад тэрээр зөвхөн энэ сард л гэхэд албан ёсны 15 арга хэмжээнд оролцохоор төлөвлөсөн байна. Ойрын өдрүүдэд томоохон арга хэмжээнүүдэд өөрийн биеэр очих нь ихэсчээ. Энэ нь түүний бие лагшин чилээрхэхэд хүргэсэн байж болох юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.