АНУ-ын Хүнс, эмийн удирдах газар коронавирусийн эсрэг вакцинжуулалтын нэмэлт тунгийн хөтөлбөрт "Moderna" болон "Johnson & Johnson" вакциныг ашиглахыг зөвшөөрсөн бөгөөд иргэд анх тариулсан вакцинаасаа өөр вакцины нэмэлт тунг тариулж болно гэж мэдэгджээ.
Гэвч энэхүү шийдвэрийг хэрэгжүүлж эхлэхээс өмнө тус улсын Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс эцсийн зөвшөөрөл авах шаардлагатай юм.
Хүнс, эмийн удирдах газраас 18-аас дээш насны бүх хүнийг нэмэлт тунд хамруулахыг зөвлөж байгаа билээ. Гэвч иргэд эхний тунгаа тариулснаасаа хойш дор хаяж хоёр сарын дараа гурав дахь тунгаа тариулах хэрэгтэй аж.
Холбооны клиник туршилтын урьдчилсан дүнгээр "Johnson & Johnson" вакцин тариулсан хүмүүс "Moderna" эсвэл "Pfizer" вакцины нэмэлт тунд хамрагдах нь илүү ашиг тустай гэж тогтоогджээ. Судалгаагаар "Johnson & Johnson" вакцины араас эдгээр хоёр вакциныг тариулсан хүмүүсийн эсрэг биеийн хэмжээ өндөр байгааг илрүүлсэн байна.
Одоогоор АНУ-ын нийт хүн амын таваас бага хувь нь нэмэлт тун тариулаад байгаа хэдий ч цаг хугацааны хувьд хэдэн арван сая иргэн гурав дахь тунд хамрагдах боломжтой болоод байгаа аж.
"Reuters/Ipsos"-ийн хийсэн судалгаагаар америкчуудын дийлэнх буюу 76 хувь нь нэмэлт тун тариулах хүсэлтэй байгаа нь тогтоогдсон хэдий ч олон иргэн тус хөтөлбөрт хэн хамрагдах боломжтой ба ямар давуу талтайг нь сайн ойлгохгүй, эргэлзэж байгаа юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.