УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ
2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэр, зарцуулалтын хуваарилалтад оруулах зарим өөрчлөлтийг Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан. Мөн орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэр, зарцуулалтын хуваарилалтад зарим өөрчлөлт оруулахаар байна.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хуримтлалтай хүүхэд” арга хэмжээг хэрэгжүүлж, төсвийг Ирээдүйн өв санд төвлөрөх тухайн жилийн орлого, арилжааны банкин дахь хүүхдийн нэрийн дансанд хуримтлал хэлбэрээр байршуулахаар төлөвлөж байна. Үүнтэй холбоотойгоор Ирээдүй өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлээд байгаа ажээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Барилгын материалын үнэ, ажлын хөлс нэмэгдсэнтэй холбоотойгоор боловсролын салбарт олон жилийн өмнө батлагдаад төсвийн тухай хуульд хөрөнгө нь сууж, тендер нь зарлагдаад ажил нь эхлээд дуусаагүй царцсан олон төсөл байна. Үүнтэй холбоотойгоор асуухад ирэх онд өртгийг нь нэмэгдүүлж байгаа хэдэн төсөл байна. Цаашдаа бодит бус өртгөөр төсөвт хөрөнгө оруулалт суулгадаг байдлаа яаж өөрчлөх вэ Сангийн сайд аа.
Төрийн өмчит компаниудаас 400 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашиг авна гэсэн. Гэтэл өнөөдрийн зардлын хэмжээгээр төрийн өмчит компаниуд ийм хэмжээний ногдол ашиг төлж чадахгүй. Төсвийн энэ төсөөллийг хэрэгжүүлэхийн тулд ТӨХК-ын бүтцэд нь ямар өөрчлөлт оруулах вэ?
Сангийн сайд Б.Жавхлан: Олон жил царцсан, гүйцэтгэл нь удааширсан, өртөг нь нэмэгдсэн хэд, хэдэн төслүүд байна. Хуулийн хүрээнд ерөнхий дүгнэлт нь гарсан. 120 төслийн 103 нь 2022 оны төсөвт шилжихээр байна. Нийтдээ 184.7 тэрбум төгрөгийг төсөвт тусгаж өргөн барьсан. Цаашдаа ч ийм асуудал үргэлжлэх эрсдэл байна. Үүнийг бид одоо байгаа хуулийнхаа хүрээнд шийдэхээс өөр аргагүй.
ТӨХК-иудын хувьд дорвитой бүтцийн өөрчлөлт хийх цаг нь болсон. Гурван чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийгдэнэ. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын бүрэн хяналтад 108 байгууллага бий. Үүнээс гадна орон нутгийн болон хамтарсан гээд тооцвол бараг 500 гаруй төрийн өмчийн жижиг, том газрууд байна. Эдгээрээс харамсалтай нь жил бүрт төсөвт төвлөрүүлдэг өгөөж нь энэ жил гэхэд 180 тэрбум төгрөг байсан. Нийт эргэлтийн хөрөнгө нь баланс дүнгээрээ бараг 35 их наяд давсан. Улсад хэрэгтэй, стратегийн өндөр ач холбогдолтой, мөн нэмэлт хувьцаа бирж дээр гаргаж, олон нийтийн хяналтад өгөх, засаглалыг нь сайжруулах үр өгөөжийг нь дээшлүүлэх аж ахуйн нэгжүүд. Мөн төр авч явах шаардлагагүй, эдийн засаг, нийгмийн ач холбогдолгүй аж ахуйн нэгжүүдийг татан буулгах замаар бүтцийн өөрчлөлтүүдийг хийнэ. Эдгээрийн үр дүнд 2022 онд улсын төсөвт 250 тэрбум төгрөг нэмэгдэж нийтдээ 430 тэрбум төгрөг төвлөрнө.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Монгол Улсын төсвийн зардал жилээс жилд нэмэгдсээр байна. Сумын төвийн барилга байшин, соёлын төв, бассейн гээд л. Дандаа зарлага гаргадаг эдгээр барилгыг ирээдүйд урсгал зардлаа нэмэгдүүлэхгүй байх талаас нь яаж анхаарах вэ?
Сангийн сайд Б.Жавхлан: Урсгал зардлыг тэлдэг хөрөнгө оруулалтуудаас татгалзах хэрэгтэй гэдэгт санал нийлж байна. Төсвийн зарлага дээр урсгал болон хөрөнгө оруулалтын зардал гэж харах хэрэгтэй. Урсгал зардлыг ДНБ-д харьцуулж үзвэл цар тахлын үед 30 хувь болсон. 2022 оны урсгал зардал ДНБ-д эзлэх хувь хэмжээ нь 28 хувь байгаа. Энэ бодлого, хөрөнгө оруулалтын хуваарилалтаар 2022 оны Төсвийг өргөн барьсан. Ялангуяа ирэх онд эхлэх шинэ хөрөнгө оруулалтууд Уул уурхай, Зам тээвэр, Эрчим хүч, Эрүүл мэнд, Барилга хот байгуулалтын яамны эхлэх шинэ хөрөнгө оруулалт нийт хөрөнгө оруулалтын 60 гаруй хувь байгаа. Эдгээрийн өрсөлдөх чадварыг сайжруулж, өртгийг бууруулах хөрөнгө оруулалтад түлхүү анхаарч Төсвийн хуулийг өргөн барьсан.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Сумын төвд музей, номын сан, усан бассейн барьж зарлага нэмж байна гэх юм. Үндсэн хуулиар Монгол хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой гээд заачихсан байгаа шүү. Заавал төсвийн гэлтгүй хувийн хэвшлийн байгууллага төв газар бол барилгаа бариад иргэдэд үйлчлээд байна. Харин хөдөөгийн жижиг суманд хувийн хэвшил барихгүй юм чинь төр барьж л таарна шүү дээ. Зайлшгүй төрөөс хийх ёстой хөрөнгө оруулалт. Цаашдаа ч хийх хэрэгтэй. Харин хуримтлал бий болгох ёстой.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Төсөв эдийн засгаа сэргээх, иргэдээ хамгаалах, нийгмээ хамгаалах халамжийн бодлого явуулна гэсэн гурван зүйлд чиглэж байгаа гэж ойлгож байгаа. ЭЗБХ энэ гурван тулгуурт бодлогод ямар дүгнэлт хийсэн бэ?
Шүүхийн сахилгын хороо байгуулагдсан. Нийт шүүгчдээ сонгосон. Сахилгын хороонд 1,5 тэрбум төгрөг байгаа гэсэн. Орон баяр, сандал суудалгүй. Яах вэ?
Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар: Төсвийн хүрээний мэдэгдлийг 5 сард баталсан. Тухайн үед Ковидын нөхцөл байдал арай өөр байсан. Холбогдох өөрчлөлтийг Засгийн газар тусгаад оруулж ирсэн.
Сангийн сайд Б.Жавхлан: ШЕЗ-өөс өөрсдөө хянаж төсвөө ирүүлэхдээ 35 орон тоотой, 1,5 тэрбум төгрөг зарцуулна гэж ирүүлсэн.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.