Сингапур улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн тул эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй болох эрсдэл үүссэн гэдгийг Засгийн газрын албаныхан сэрэмжлүүлжээ. Тус улсад нэг хоногт 18 хүн Ковид-ын улмаас нас барсан байна. Мөн хоногт хамгийн өндөр тохиолдол буюу 3,994 иргэн халдвар авчээ.
Засгийн газраас хэрэгжүүлж буй Ковид-19-ийн эсрэг хөтөлбөрийг хамтран удирдаж буй Сангийн сайд Лауренс Вонг эмнэлгүүдэд тусгаарлах орны 90 орчим хувь нь, эрчимт эмчилгээний тасгуудын 2/3-оос илүү нь дүүрсэн гэдгийг анхааруулсан байна.
Уг мэдээллээс өмнөх өдөр Засгийн газар найман улсын бүрэн вакцинжуулалтад хамрагдсан зорчигчдыг тусгаарлах шаардлагагүй хил нэвтрүүлэхээр болсныг зарласан юм. Эдгээр найман улсын тоонд АНУ, Их Британи, Франц зэрэг худалдааны гол түнш орнууд багтжээ.
Ерөнхий сайд Ли Сянь Лун Сингапур улс нь дэлхийн бизнесийн төв учраас цаашид хилээ хаалттай хэвээр үлдэж болохгүй гэдгийг онцлон тэмдэглэжээ. Сингапурт халдвар авч байгаа иргэдийн дийлэнх нь хөнгөн хэлбэртэйгээр, шинж тэмдэггүй өвчилж байгаа учир гэрээр эмчлүүлэх тохиолдол их байна. Зөвхөн хүндээр өвчилсөн тохиолдолд эмнэлэгт хэвтүүлж байгаа ажээ.
Тус улсын хүн амын 80 гаруй хувь нь вакцинд хамрагдсан судалгаа байна. Коронавирусийн халдвар авсан иргэдийн тоо 158,000 давж, 264 хүн нас баржээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.