УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжлэх үеэр "АН-ын бүлгээс хасагдсан гишүүдийг зарлан мэдээл" гэсэн байр суурь гарсан тул УИХ-ын дарга Г.Занданшатар дараах мэдэгдлийг хийлээ.
Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд УИХ дахь АН-ын бүлгын дарга Д.Ганбатаас УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь, Ц.Туваан нарыг намын эсрэг үйл ажиллагаа явуулсан гэдэг үндэслэлээр намын гишүүнчлэлээс дөрвөн жилийн хугацаатай хасах сахилгын шийтгэл оногдуулсан, Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар манай намаас нэр дэвшиж ялаагүй тул бүлгийн гишүүн биш, Б.Бейсэн гишүүний УИХ-ын гишүүний бланк дээрээс УИХ дахь АН-ын бүлгийн шийдвэр энэ байна гэх мэтээр 4-5 бичиг ирсэн.
Бодит байдал дээр УИХ дахь намын бүлгийн үйл ажиллагаа 4 үндэслэлээр дуусгавар болох хууль, журмын заалттай. Та бүхний энэ байдал УИХ-ын үйл ажиллагаанд хүндрэлтэй, ойлгомжгүй байдал үүсгэж байна.
УИХТГ-ын хуулийн лавлагаа надад ирсэн. Үүгээр бол 2020 оны долдугаар сараас бүрэн эрх нь хэрэгжиж эхэлсэн парламентэд бүртгүүлснээр УИХ дахь Ардчилсан намын бүлэг 11 гишүүн, нэг даргатайгаар үйл ажиллагаа явуулж байна.
УИХ-ын тамгын газар шүүх биш. Иймд АН-ын бүлэг МУИХ-ын тухай хуулиар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд намын дотоод зөрчлийг УИХ шүүхгүй. Иймд АН дотоод зөрчлөө дотроо шийдэх нь зүйтэй байна" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.