Сирийн нийслэл Дамаск хотод автобус дэлбэрсний улмаас дор хаяж 13 цэргийн алба хаагч амиа алдан, гурван хүн шархадсан гэж орон нутгийн төрийн мэдлийн "SANA" агентлаг мэдээлжээ.
Дамаскийн цагдаагийн газрын эх сурвалжийн мэдээлснээр, алан хядагчид тус автобус дотор хоёр тэсрэх төхөөрөмж байрлуулсан байсан бөгөөд хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй хэсэгт дэлбэлсэн байна. Халдлага өнгөрөгч лхагва гарагийн өглөө болсон бөгөөд энэ үеэр олон иргэн ажил, сургууль руугаа явж байсан аж.
Шинжээч Хусам Шуайеб энэ явдлын талаар "Сирийн дайснууд нийслэлд террорист бүлэглэлүүд идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд байдал тогтворгүй байгаа гэсэн дохио илгээхийг зорьж байна. Тэдний халдлага Дамаск дахь гадаадын Элчин сайдын яамдын үйл ажиллагааг сэргээж, Арабын орнуудтай харилцаа тогтоохоос урьдчилан сэргийлэх зорилготой" хэмээн тайлбарлажээ.
Дэлбэрэлтийн дараа хэргийн газарт ирсэн тэсэлгээний мэргэжилтнүүд ойролцоо байрлуулсан өөр нэгэн тэсрэх төхөөрөмжийг аюулгүй болгосон байна. Уг террорист халдлагын улмаас Сирийн цэргийн алба хаагчид амиа алдсан бөгөөд энгийн иргэн өртсөн гэх мэдээлэл алга байна.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.