ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 30-наас ирэх 11 дүгээр сарын 7-н хүртэлх долоо хоногийг цалинтай амралтын өдрүүд гэж зарлах тухай зарлигт гарын үсэг зуржээ.
Ерөнхийлөгч Путин өнгөрөгч лхагва гарагт Засгийн газрын гишүүдтэй хийсэн уулзалтынхаа үеэр энэхүү саналыг зөвшөөрсөн байна. Түүний хэлснээр, энэ нь коронавирусийн цар тахлын шинэ давлагааны оргил үеийг таслан зогсооход нэн чухал ач холбогдолтой арга хэмжээ аж.
Оросын бүс нутгийн дарга нар цалинтай амралтын өдрүүдийг 10 дугаар сарын 30-наас өмнө зарлах боломжтой бөгөөд 11 дүгээр сарын 7-ны өдрөөс хойш сунгах эрхтэй юм. Ингэхдээ тухайн бүс нутгийн цар тахлын халдварын нөхцөл байдал, онцлог шинж чанарыг харгалзан үзэх гэнэ.
Харин тус улсын соёл, эрүүл мэндийн байгууллагууд тус амралтын өдрүүдэд хэрхэн ажиллахыг Засгийн газраас тодорхойлох аж. Түүнчлэн, төрийн эрх бүхий байгууллагууд болон бусад агентлаг амралтын өдрүүдэд үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд шаардлагатай ажилтнуудынхаа тоог тогтоох үүрэг авсан байна.
Мөн эрх баригчид эдгээр цалинтай амралтын өдрүүд хүн тусах жижиг, дунд бизнесүүд болон нийгмийн чиг баримжаатай ашгийн бус байгууллагуудыг дэмжих арга хэмжээ авна гэжээ.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.