АНУ-ын их сургуулийн хөлбөмбөгийн шилдэг дасгалжуулагчдын нэг Ник Ролович коронавирусийн эсрэг вакцин тариулахаас татгалзсаны улмаас ажлаасаа халагджээ.
Вашингтон мужийн их сургуулийн хамгийн өндөр цалинтай ажилтан байсан Ролович болон түүний дөрвөн туслахыг вакцины мандатыг биелүүлээгүйн улмаас ажлаас нь халсан байна. Энэхүү мандатын дагуу Вашингтон мужийн бүх улсын ажилтан цар тахлын эсрэг вакцинжуулалтад бүрэн хамрагдсан байх ёстой юм.
42 настай дасгалжуулагч шашин шүтлэгийн шалтгаанаар вакцины мандатаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан хэдий ч Вашингтон мужийн их сургуулийн Хөнгөн атлетикийн тэнхимийн захирал Пат Чун үүнийг хүлээж аваагүй байна. Тэрээр энэ талаар "Энэ бол манай хөлбөмбөгийн хөтөлбөрийн хувьд урам хугармаар явдал болж байна. Гэвч бидний тэргүүний зорилго бол багийн залуусын эрүүл мэнд, сайн сайхан юм" хэмээн тэмдэглэжээ.
Харин Ролович вакцин тариулахгүй гэсэн байр сууриа хадгалсаар байгаа бөгөөд үүнийгээ хувийн шийдвэр гэж онцолсон байна. Тус их сургуульд хоёр дахь улиралдаа ажиллаж байсан тэрээр вакцинжуулалтын байдлаасаа болж ажлаа алдсан анхны их сургуулийн хөлбөмбөгийн дасгалжуулагч юм.
АНУ-ын их сургуулийн спорт 2019 онд нийт 19 тэрбум ам.долларын орлого олсон бөгөөд үүний ихэнх хэсгийг хөлбөмбөг эзэлжээ. Их сургуулийн америк хөлбөмбөгийн нэг тоглолтыг дунджаар таван сая хүн үздэг аж.
Ник Ролович жилийн 3.1 сая ам.долларын цалинтай байсан бөгөөд энэ нь их сургуулийн хөлбөмбөгийн ахлах дасгалжуулагчдын цалингийн дундаж түвшнийг дөнгөж давсан үзүүлэлт хэдий ч түүнийг Вашингтон мужийн хамгийн өндөр цалинтай төрийн албан хаагч болгоод байсан юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.