Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны доройтол, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх зорилгоор Монгол Улс 2030 он гэхэд нэг тэрбум мод тарьж ургуулахаар төлөвлөснийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд оролцохдоо зарласан билээ.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тэрбум мод тарих санаачилгын хүрээнд Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах Үндэсний хороо байгуулжээ. Тус хороог Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан ахална.
Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан "Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай цөлжилтөд өртсөн тооцоо судалгаа гарсан. Үүнээс 23 хувь нь буюу 30 орчим сая га талбай хүчтэй цөлжилттэй гэсэн ангилалд багтаж байна.
Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод тарих ажлын хүрээнд БОАЖЯ-нд Үндэсний хороог байгууллаа. Хорооноос тэрбум мод тарих ажлыг 2030 он хүртэл үе шаттайгаар зохион байгуулна. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах Үндэсний хороо улирал тутамд хуралдана.
Ингэхдээ уулнаас мод шилжүүлэн суулгах бодлогыг БОАЖЯ дэмжихгүй. Харин тарьц суулгацаар үрээр Тэрбум мод үндэсний хөдөлгөөний явуулахад анхаарна.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 9.2 сая суулгац байгаа. Хэрэв жил тутамд 100 сая суулгац хэрэгтэй гэвэл одоо байгаа нөөцөө 10 дахин нэмэгдүүлэх шаардлага бий.
Тиймээс мод үржүүлгийн аж ахуй нэгжүүдийг урамшуулах, үйл ажиллагааг нь дэмжих бодлого барина. Ойн судалгааны хөгжлийн төвийг ойн агентлаг болгоно. Дөрвөн аймгийн есөн суманд хуш модны самрыг бэлтгэхийг хориглосон. Үйлдвэрлэлийн зориулалтаар 16 тонн бэлтгэхээс 70 хувийг түүж, бэлтгэхийг чиглэл болгосон" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.