Австрали улсын Баруун Австрали мужийн аялал жуулчлалын бүсэд гэр бүлийнхэнтэйгээ амарч байсан дөрвөн настай охин өнгөрсөн бямба гарагт сураггүй алга болсон юм. Бяцхан охин Клео Смит гэрийнхэнтэйгээ майханд унтаж байгаад бямба гарагийн өглөө сэрэхэд алга болсон байжээ.
Охины ээжийн ярьснаар тэднийг өглөө сэрэхэд майхны хаалга нээлтэй байжээ. Охин аяны хөнжилтэйгээ алга болсон байв. Түүнийг эрж хайх ажиллагаа хэд хоногийн турш үргэлжилж байгаа ч одоог хүртэл сураг гараагүй байна. Ээж Елли Смит нь охиноо алга болсноос хойш аймшигтай өдөр хоногууд үргэлжилж, унтаж чадахгүй байгаагаа хэлжээ.
Клео Смитийн сураггүй алга болсон явдал үндэсний хэмжээнд анхаарал татсан үйл явдал болоод байна. Харамсалтай нь охин хаачсан тухай ямар ч мэдээлэл, сураг ажиг гараагүй хэвээр байгаа юм.
Баасан гарагт аялал жуулчлалын бүсэд маш олон гэр бүл, хүмүүс амарч байсан бөгөөд тэднийг нэг бүрчлэн шалгаж байгаа гэдгийг орон нутгийн цагдаагийн газар мэдээлжээ.
Охин баасан гарагт оройн хоолоо идсэнийхээ дараа унтсан байна. Шөнийн 01:30 минутын үед сэрж ус уухыг хүсчээ. Майхан дотор байсан дүүгийнхээ орны хажууд аяны гудсан дээр тусдаа тасалгаанд унтаж байжээ. Өглөө 06:00 цагт ээж нь сэрж бага охиндоо угжийг нь өгөхдөө Клеог алга болсныг мэджээ.
Охиныг эрж хайх ажиллагаанд цагдаа нараас гадна хувийн нисдэг тэргээр туслалцаа үзүүлээд байна. Сураггүй алга болсон охин 110 см өндөр, цэнхэр, шар өнгийн хээтэй ягаан унтлагын хувцастай байжээ.
Эх сурвалж: ВВС, CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.