Энэтхэгийн өмнөд хэсгийн Керала мужид хүчтэй аадар бороо орсны улмаас их хэмжээний үер бууж, хөрсний нуралт үүсэн, хэд хэдэн хүн амиа алдаад байгаа билээ. Тэгвэл үерийн улмаас хуримаа хойшлуулахыг хүсээгүй нэгэн хос том тогоон дотор суун, үерлэсэн гудамжаар хөвөн аялж, хурим хийх газартаа хүрчээ.
Талавади тосгоны эрүүл мэндийн ажилтнууд болох Акаш, Айшвария хоёр өнгөрөгч даваа гарагт гэрлэхээр эртнээс төлөвлөөд байсан бөгөөд гэнэтийн байгалийн гамшиг нүүрлэсэн ч гэсэн хуримын өдрөө хойшлуулахыг хүсээгүй аж. Гэвч тэдний оршин суудаг тосгоны гол мөрнүүд хальж, гүүр, замууд нь сүйрсэн бөгөөд хосын хуримын газар болох жижиг сүм ч мөн үерт автсан байна.
Ингээд тэд ойролцоох сүмийнхээ хөнгөн цагаан тогоог зээлээд, дотор нь суусан бөгөөд гудамжинд явж байсан эрчүүдээс тэдний "завь"-ийг түрж туслахыг хүсжээ.
Акашийн хэлснээр, тэд ажлаасаа дахин чөлөө авах боломжгүй учир хуримын өрөө хойшлуулахаас татгалзсан аж. Мөн тэдэнд хугацаа бага байсан тул энэхүү том тогоо нь "цорын ганц сонголт" байсан гэж тайлбарлажээ.
Үерийн усаар аялах шинэлэг санаа олсон хосын гэрэл зургууд олон нийтийн сүлжээгээр өргөн тархсан бөгөөд аюулт байгалийн гамшигт нэрвэгдсэн бүс нутгийн иргэдэд бага ч болтугай тайтгарал ба инээд хайрласан юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.