БНАСАУ өнөөдөр буюу 10 дугаар сарын 19-ний өглөөний 10:17 цагт Зүүн тэнгис рүү баллистик пуужин харвасан гэж БНСУ-ын армиас мэдэгджээ.
Штабын дарга нарын нэгдсэн хорооноос мэдээлснээр пуужинг Өмнөд Хамгён мужийн Синпо хотын ойролцоох байрлалаас зүүн тийш харвасан аж. Тус хорооны албан ёсны мэдэгдэлд "Өмнөд Солонгос, АНУ-ын тагнуулын байгууллагууд нэмэлт мэдээлэл цуглуулахаар нарийвчилсан дүн шинжилгээ хийж байна" гэж тэмдэглэсэн байна.
Энэхүү пуужинг хөөргөх үеэр АНУ, Өмнөд Солонгос болон Японы цөмийн зэвсгийн дээд төлөөлөгчид Вашингтонд цуглан, Умард Солонгостой яриа хэлэлцээр эхлүүлэх хамтын хүчин чармайлтын талаарх уулзалт зохион байгуулж байсан юм. Тус гурван улсын зүгээс хүмүүнлэгийн тусламж болон бусад арга хэмжээгээр дамжуулан Пхеньянтай дахин дипломат харилцаа үүсгэхээр зорьж байгаа аж.
Гэвч Умард Солонгос өнгөрсөн сард шинэ төрлийн алсын тусгалтай далавчит пуужин болон хэт авианы пуужин хөөргөсөн бөгөөд цэргийн хүчээ эрчимтэй нэмэгдүүлж байгааг шинжээчид онцолж байна. Тус улсын зүгээс энэ сарын эхээр хоёр Солонгос хоорондын харилцаа холбооны сувгуудыг дахин идэвхжүүлсэн нь БНСУ-ын эрх баригчдын найдварыг төрүүлсэн хэдий ч энэ удаагийн пуужингийн туршилт нөхцөл байдлыг эргэн тогтворгүй болгоод байгаа юм.
Эх сурвалж: Yonhap News Agency
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.