Энэтхэг улсад коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн гэрчилгээн дээр Ерөнхий сайд Нарендра Модигийн зургийг байрлуулжээ. Гэвч үүнийг эсэргүүцсэн иргэн Керала мужийн шүүхэд хандсан байна. Шүүхийн сонсгол ирэх долоо хоногт эхлэхээр болжээ.
Керала мужийн иргэн Петр М Ковид-ын эсрэг вакцины гэрчилгээн дээрээс Ерөнхий сайд Модигийн зургийг хасах хүсэлт тавьсан байна. Учир нь Ерөнхий сайдын зургийг гэрчилгээн дээр байршуулснаар хүний үндсэн эрхийг зөрчиж байна гэж 62 настай иргэн үзсэн байна. Тэрээр хүний эрхийн төлөө тэмцэгч бөгөөд Энэтхэгийн гол сөрөг хүчин Конгресс намын гишүүн ажээ.
Петр М “вакцин хийлгэсэн гэрчилгээн дээр өөр хүний зураг байршуулснаар иргэдийн хувийн орон зайд халдсан явдал болж байна. Энэ бол Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл. Би Ерөнхий сайдад хандаж уг буруу үйлдлээ нэн даруй зогсоохыг хүндэтгэлтэйгээр шаардаж байна” гэжээ.
Ерөнхий сайдын зургийг вакцины гэрчилгээн дээр гаргаж, англи болон энэтхэг хэлээр ишлэл бичих саналыг Эрүүл мэндийн яамнаас гаргасан байна. Эрүүл мэндийн сайд Бхарати Правин Павар Парламентад танилцуулахдаа уг зураг, ишлэл нь олон нийтийг вакцинжуулалтад хамрагдахад урам зориг өгөх болно гэж үзжээ.
Петр М вакцины тун бүрт 10 ам.доллар өөрөөсөө гаргаж төлсөн боловч түүний гэрчилгээн дээр өөр хүний зураг байгаа нь шударга бус явдал гэж буруутгасан. “Моди Энэтхэгийн анхны Ерөнхий сайд ч биш, вакцины хөтөлбөрийг анхлан санаачилсан хүндтэй нэгэн ч биш. Гэсэн ч Ковид-ын эсрэг кампанит ажил, вакцины хөтөлбөрийг ашиглан өөрийн улс төрийн суртал ухуулгыг явуулж байна” гэж тэрээр шүүмжилжээ. Иргэдээс гадна улс төрчид ч мөн Ерөнхий сайдын зургийг гэрчилгээн дээр байршуулсан явдлыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.