СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Олон улсын чанартай авто зам дагуу олгосон газрыг цуцалъя!

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Хууль зөрчин олон улсын чанартай авто зам дагуу олгосон газрыг цуцалъя!!!

Улаанбаатар хот өргөжихийн хэрээр тулгамдаж буй томоохон асуудал нь нийслэлийг тойрсон газар болоод байна. Алга дарам газар өдрөөс өдөрт үнэ цэн нь нэмэгдэж, ханцуй дотроо газар наймаалцаж ирсэн явдлыг зоримогхон таслан зогсоох цаг боллоо. 20 гаруй жилийн өмнөөс хууль бусаар олгосон газар нь далд эдийн засгийг тэлж, хэсэг бусаг хүмүүсийн халаасны наймаа болж ирсэн нь нууц биш. Үе үеийн хотын дарга нарын цэгцлэх гээд чадаагүй, хууль бус хамгийн ашигтай бизнес болгож, газрын наймааг цэцэглүүлж ирсэн нь холын бус ойрын үнэн.

Хүссэн хүн бүрд олдоод байдаггүй ч хөрөнгө бэлтэй хүмүүст олдоод байдаг энэ газрын асуудалд хотын дарга Д.Сумъяабазар анхаарал хандуулахаа мэдэгдэж “Газрын луйварчдын гай балгийг таслан зогсооно” гэж байсан. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр жилийн өмнө “Улаанбаатар хотын утаа, автомашины түгжрэлтэй холбоотой үүсээд байгаа хүндрэлүүд нэг талаасаа улстөрчид, эрх мэдэлтнүүдийн өнгөрсөн жилүүдэд хууль бусаар, замбараагүй олгосон газар олголттой холбоотой гэж үзэхээс өөр аргагүй. Өнгөрсөн 27 жилийг бүхэлд нь дүгнэж, цэгцлэх олон асуудал гарч ирж байгаагийн нэг нь нийслэлд замбараагүй олгосон газар олголтыг цэгцэлнэ” хэмээн мэдэгдэж байв.

Хотын төвийн газар үнэд хүрдэг байсан бол одоо хот тойрсон газрууд үнэд ороод байгаа юм. Хэн нэгний ашиг сонирхол, адын хүслээс хол байж үе дамжин өртөөлөгдөж ирсэн газрын наймааг таслан зогсоох цаг болсон.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ядарсанд ээлтэй, задарсанд чанга, хүн биш хууль засагладаг болно гэдгээ хэдэнтээ мэдэгдсэн. Хуульд “захирагдаагүй” олгогдсон газруудыг эргэлзэх зүйлгүй цуцлах хэрэгтэй. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын шийдвэрээр зөвшөөрөлгүй газруудыг чөлөөлөх ажлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон дүүргийн Засаг дарга нар хариуцан хэрэгжүүлж байгаа.

Тэгвэл нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, дүүргийн Газрын албаныханд дуулгахад тус дүүргийн 32 дугаар хороонд хуучнаар 22-ын товчооны наана олон улсын чанартай авто буюу төв замтай яг залгаад хашаа хатгаад газар шорооны ажил эхэлсэн байна. Авто замын тухай хуулийн 16.2-т “Олон улсын, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын зурвас газрын өргөн 100 метр буюу авто замын төв тэнхлэгээс хоёр тийшээ 50 метрт байна” гэж заасан байна. Гэтэл тус газар нь төв замаас ердөө 5-6 метр зайтай байх юм. Тэнд газар шорооны ямар ажил эхэлж, ямар барилга байшин сүндэрлэх нь цаг хугацааны асуудал болжээ. 

Хотын захын дүүрэг гээд хүний нүднээс алс гэж алгуурлаж болох ч хуульд заасан зай талбайг баримтлалгүй төмөр хашаа хатгасан байхаар нь https://egazar.gov.mn цахим сайтаар орж бүртгэлийг нь үзлээ.

Төв замын тэнхлэгээс 50 метр бүү хэл, таван метр ч хүрэхгүй, авто замтай тулгаад, 15 жилийн эзэмших эрхээр хоёр ч байршилд газар олгож, хууль зөрчсөн байх юм. Нэг нь 1599 метр квадрат талбайтай, 2028 он хүртэл эзэмших эрхтэйгээр, хоёр дахь нь 1499 метр квадрат талбайтай, 2033 он хүртэл эзэмших эрхтэй олгогдсоныг харж болно. Ойр орчимд нь үүн шиг хууль зөрчин хашаа хатгасан юм л харагдсангүй.

Эхнээсээ хуулиа зөрчсөн газруудад арга хэмжээ авч төр мэдэлдээ газраа авахгүй бол араас нь хэчнээн хүн энэ мэтчилэн хашаа хатгахыг таах аргагүй. Монголчуудын бие биетэйгээ барьцамтгай зангаар удахгүй хуучин 22-ын товчооны зүүн талын төв зам дагуух газруудаар явган хүн ч явах зайгүй болох нь. 

Ойрын жишээ гэвэл Хөшигийн хөндийн нисэх буудлын ойр орчмын газруудыг нэрлэж болно. Олон жил ярьсан газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, үр ашгийг нэмэгдүүлнэ гэдэг яриа биелэлээ олоход Хөшигийн хөндийн нисэх буудал бодитоор харуулсан. Шинэ нисэх буудлын бүтээн байгуулалттай зэрэгцэн төр газраа авах гэтэл хэдийнэ өмчлөх, эзэмшихээр хэдэн га-гаар нь авсан иргэд төрд хагас тэрбум төгрөгөөр худалдана хэмээн ярьж байсныг санаж байгаа байх.

Энэ мэтчилэн бүтээн байгуулалтад хамгийн их гай болох зүйл нь хуульд заасан стандартын хэм хэмжээг баримтлалгүй олгосон газар эргээд улсдаа гай болдгийн тод жишээ юм. Тиймээс Авто замын тухай хуулинд тусгасан дээрх зүйл заалтаар тээврийн хэрэгслийн зорчих хэсэгт учирч болзошгүй эрсдэлийг тооцож, замын тэнхлэгээс гэх нарийн хэмжээг хуульчилж өгснийг мөрдүүлэх цаг болжээ.

 

Хотын дарга удирдлага болгон энэ мэтчилэн олгосон газруудыг цэгцэлж, ирээдүйд ирэх сөрөг үр дагаврыг тооцоолон цуцлах зайлшгүй шаардлага байна. Тэр газарт ирээдүйд ийм бүтээн байгуулалт хийгдэх ёстой гээд төлөвлөгөөгөө гаргачихвал нийслэлийн болон дүүргийн газрын албаныхан нэжгээд хэмжээгээр замбараагүй газар олгохгүй.

Үгүй ядах нь ээ, олон улсын ачаа тээврийн гол бүс болсон энэ зам дагуу авто зогсоол барьж, хол замд аяншсан иргэд замын тоосоо гөвж, хувцсаа сольж өмсөөд хот ордог болгох хэрэгтэй. Эс тэгвээс газрын луйварчдын гай балгийг нийслэл өөрсдийн төсвөөрөө төлөх болно. Нэмж замаа өргөтгөх боломжгүй болно. Зам дагуух газруудаа цэгцэлж авахгүй бол хүнээр судас нь бөглөрч, даралт нь ихсэж байна. Тиймээс үе үеийн хотын дарга нарын увайгүй үйлдэлд Д.Сумъяабазар дарга цэг тавих ёстой. “Газрын наймаа Сумъяа даргын өнгөн дээр нэг цэгцэрсэн дээ” хэмээн яригдах ёстой юм шүү.

Бид газрын наймааг “пүү, паа” гэдэг ч авто замаа өргөтгөх боломжгүй болоод, авто машин зогсох зогсоолгүй болоод, сургууль, цэцэрлэг барих газаргүй болоод хэдэн зуун саяар хэмжигдэх төсвийн мөнгөөр иргэдээс худалдаж авч эхэлсэн сүүлийн жилүүдэд илүүтэй ойлгож байна. Өмнө нь явж ирсэн улс төр, бизнесийн бүлэглэлийн хууль бус ашиг сонирхлын үндсийг тасалж, иргэддээ ээлтэй, нээлттэй шударга төртэй болох цаг удахгүй байх гэдэгт итгэнэ.

Өчигдөрхөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар “Нийслэл иргэддээ нээлттэй ажиллаж байгаа. Хотын хаалга үргэлж иргэдийн өмнө нээлттэй байна” гэдгээ хэлнэ лээ. Тиймээс энэ мэтчилэн хууль зөрчсөн газруудыг цэгцэлж хууль стандартыг огоорсон стандарт бус газрын гэрчилгээг цуцлах, газрын наймаа дагасан идээ бээрийг нь шахна гэдэгт итгэж байна. Энэ мэтчилэн газрын наймаанаас болж их хотын бүтээн байгуулалт төлөвлөлтгүй, замбараагүй явж ирсэн шүү.

Э.ЭНХ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.21.117.164

haa saigui zambaraagui bolsoon

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.