Эрүүгийн цагдаагийн албанаас цахим мөрийтэй тоглоомтой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал, зохион байгуулж буй ажлын талаар мэдээлэл хийлээ.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд цахим орчинд үйлдэгдэх гэмт хэргийн тоо нэмэгдэж, тэр тусмаа мөрийтэй тоглоом зохион байгуулах явдал ихэсчээ. Тухайлбал, 2021 оны эхний есөн сарын байдлаар 326 мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь 5.8 хувиар өссөн үзүүлэлт юм.
ЭЦА-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуун "Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн найруулсан.
Дээрх хуулиудад мөрийтэй тоглоом зохион байгуулах, тоглох үйлдлийг зөрчил болгон хуульчилж, Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэж байсныг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд зааснаар мөрийтэй тоглоом зохион байгуулахыг гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан. Мөрийтэй тоглоом цахим орчинд зохион байгуулсан иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн үг. Харин мөрийтэй тоглоом тоглох үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.7 дахь зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэнэ.
2020 онд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг 56 бүртгэгдэж байсан бол 2021 оны эхний есөн сарын байдлаар 326 гэмт хэрэг бүртгэгдэж, хэргийн тоо 5.8 дахин өссөн. Мөрийтэй тоглоом зохион байгуулж буй болон тоглож буй этгээдүүд гэмт хэргийг санаатайгаар үйлддэг. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас гэр бүлийн хүчирхийлэл, салалт, хүүхэд өнчрөх, орон байр, тээврийн хэрэгслээ барьцаанд тавьж эд хөрөнгөөрөө хохирох, залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна. Захирал, удирдлагууд нь мөрийтэй тоглоом тоглосноор аж ахуйн нэгж, компаниуд нь дампуурах хүртэл хохирол учирч байгаа.
Мөрдөн шалгаж буй хэргүүдийн шалгалтаар, зохион байгуулж буй этгээдүүдийн тоглолтод хөндлөнгөөс нөлөөлөх, тоглогчдын хөзрийг харах, солих, хэн нэгэн тоглогчид давуу байдал олгох байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа. Иймээс цахимаар мөрийтэй тоглоом тоглож буй этгээд хожно гэх ойлголт байхгүй гэж ойлгож болно.
Өдөрт дунджаар 1000 гаруй харилцагчийн дансыг ашиглан 2000 орчим мөрийтэй тоглоомтой холбоотой гүйлгээ хийгдэж байгаа гэх судалгаа гарсан. Тиймээс УПЕГ, Монгол банк, ХХЗХ, ЦЕГ хамтран арилжааны банкны данс ашиглан цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаа этгээдүүдийн үйлдлийг таслан зогсоохоор хамтран ажиллаж байна. Одоогоор цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 43 сайтын хандах эрхийг хязгаарласан. Тухайн сайтуудад байршсан мөнгийг татан төвлөрүүлэх, тараалт хийх зэргээр ашиглаж байсан 25 дансанд хязгаарлалт тогтоож битүүмжлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Мөн арилжааны банкны дансаа ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж, тоглодог байдлыг таслан зогсоож, энэ төрлийн гүйлгээ хийж буй иргэдийн дансуудад хуулийн хүрээнд хязгаарлалт тогтоож байна" гэсэн юм.
Энэ үеэр арилжааны банкны данснаас хэрэглэгчид их хэмжээний мөнгөө алдсан асуудалд ямар хяналт, шалгалт хийж байгаа талаарх сэтгүүлчийн асуултад албаныхан хариулсан юм.
ЭЦА-ны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Энхчимэг "Өнгөрсөн тавдугаар сард иргэн А-ийн данснаас найман сая төгрөг алдагдсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Уг хэргийг ЭЦА-аас өнгөрөгч есдүгээр сард олж илрүүлсэн. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа ба хоёр этгээдийг холбогдуулан шалгаж байна.
Хаанбанк гэлтгүй өөр банкны дансаар мөнгөө алдсан гэх иргэд цагдаагийн байгууллагад ханддаг. Цагдаагийн байгууллага иргэнээс ирсэн гомдол мэдээллийн дагуу бүртгэл судалгаандаа авч, шалгалтын ажиллагааг явуулдаг. Иргэдийн зүгээс ийм хүний дансанд мөнгө нь байхад яагаад шалгахгүй байгаа юм бэ гэх зүйлийг хэлдэг. Тухайн этгээд өөрийнхөө ашигладаг буюу хувийн данс руу мөнгө хийлгэхгүй. Энэ мэт шалтгаанаас үүдэн хэргийг мөрдөн шалгах явцад удаашрал үүсдэг тохиолдол бий" гэлээ.
Иргэд болон хэвлэл мэдээллийн байгууллагууд мөрийтэй тоглоом зохион байгуулж буй талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 51261749 тусгай дугаарт ирүүлнэ үү. Мэдээлэл өгсөн иргэн байгууллагын нууцыг хадгалж, хамтран ажиллах болно гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.