Эрүүгийн цагдаагийн албанаас цахим орчиндох мөрийтэй болон гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ.
Дэд хурандаа Б.Ганчулуун “Мөрийтэй тоглоом тоглох үйлдэлд Зөрчлийн тухай хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Сүүлийн хоёр жил цар тахлаас үүдэж иргэд гэртээ олон цагаар суух болсноор цахим орчинд мөрийтэй тоглох зөрчил олширсон. Иргэдийг энэ төрлийн тоглоомонд уруу татах зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байна.
Жишээ нь энэ төрлийн гэмт хэрэг 2020 онд 56 бүртгэгдэж байсан бол энэ оны эхний есөн сарын байдлаар 326-д хүрлээ. Мөрийтэй тоглоомоос үүдэж гэр бүлийн хүчирхийлэл, салалт ихсэх, үүнийг дагаад хүүхэд өнчрөх, ББСБ-д байр, машинаа барьцаалан зээл авч мөрийнд алдах, мөрийнд мөнгөө алдаад аав, ээж, хамаатан, садангийнхаа эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргүүд үйлдэгдэж байна. Мөн аж ахуйн нэгжийн захирал, удирдлагууд мөрийтэй тоглосноор компани дампуурах хүртэл хохирол учирсан.
Одоогоор мөрийтэй тоглоом зохион байгуулсан 43 сайтын хандах эрхийг хязгаарлаад байна. Тоглоомыг зохион байгуулж буй этгээдүүд тоглолтод нөлөөлөх, хэн нэгний хөзрийг солих, харах боломж олгох зэргээр хожуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Иргэд мөрийтэй тоглоомоос мөнгө хожно гэсэн ойлголт байхгүй” гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.