Онцгой байдлын ерөнхий газарт амралтын өдрүүдэд бүртгэгдсэн хэрэг зөрчлийн мэдээллийн дийлэнх нь ахуйн гал түймрийн дуудлага байжээ.
Тухайлбал, Баянзүрх дүүрэг 27 дугаар хорооны нутагт оршин суух иргэн Г-ийн байшин шатаж гэр бүлийн гишүүд нь угаартаж бэртжээ. Галын улмаас 44 настай эрэгтэй болон 38 настай эмэгтэй нар угаартсан бол 13 настай охин хоёр гар, хоёр хөл нүүр, нуруу хэвлийн хэсгээр түлэгдсэн байна. Албан хаагчид охиныг Яаралтай түргэн тусламжийн 103 төвд цаг алдалгүй шилжүүлсэн байна.
Мөн Онцгой байдлын алба хаагчид Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг Онги голын усанд суусан автомашинаас таван иргэнийг эсэн мэнд аварчээ. Тухайн иргэд Баян-Өндөр сумаас Арвайхээр сумын чиглэлд зорчиж явсан бөгөөд “Тоёота Пропокс” загварын суудлын автомашин нь усанд суусан ажээ. Аймгийн онцгой байдлын газарт уг дуудлага өчигдөр 14:00 цагт бүртгэгдсэн бөгөөд алба хаагчид 35-78 насны таван хүнийг эсэн мэнд гаргасан байна.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай түргэн тусламжийн тасгаар өчигдөр 410 хүн тусламж авчээ. Үүний 385 нь нийслэл, 25 нь орон нутгаас болохыг тус төвөөс мэдээлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.