Испанийн Ерөнхий сайд Педро Санчез улс орон даяар биеэ үнэлэлтийг хуулиар хориглоно гэдгээ өнгөрсөн ням гарагт мэдэгдсэн байна. Валенсиа хотод эрх баригч Социалист намын гурав хоног үргэлжилсэн хурлын төгсгөлд Ерөнхий сайд үг хэлжээ. Ингэхдээ биеэ үнэлэлт бол эмэгтэйчүүдийг боолчлон дарлаж буй явдал мөн гэсэн байна.
Тус улсад 1995 онд биеэ үнэлэх явдлыг гэмт хэрэгт тооцохоо больжээ. 2016 онд НҮБ Испанийн биеэ үнэлэлтийн зах зээл 3,7 тэрбум еврогийн үнэлгээтэй болсныг мэдэгдсэн юм. Мөн 2009 оны судалгаагаар тус улсын гурван эрэгтэй тутмын нэг бэлгийн харилцаанд орохын тулд мөнгө төлдөг гэжээ.
Яг одоогоор Испани улсад биеэ үнэлэлт ямар нэг зохицуулалтгүй, шийтгэлгүй байгаа аж. Гэхдээ биеэ үнэлэгч болон үйлчлүүлэгчийн хооронд зуучлах нь хууль бус үйлдэлд тооцогддог байна. Биеэ үнэлэлтийг гэмт хэрэгт тооцохоо больсноос хойш Испани улсад энэ төрлийн зах зээл үсрэнгүй хөгжиж, 300,000 эмэгтэй биеэ үнэлэх болжээ.
2019 оны сонгуулийн тунхагтаа Социалист нам биеэ үнэлэлтийг хууль бус болгоно гэж тусгасан нь олон эмэгтэй санал өгөх иргэдийг татсан байна. Гэвч үүнээс хойш хоёр жил өнгөрсөн ч одоогоор ямар нэг өөрчлөлт оруулаагүй юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.