Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал 10 дугаар 15-ны өдөр болжээ. Энэ үеэр Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн дүн, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай захирамжийн хэрэгжилттэй зөвлөлийн гишүүд танилцсан байна.
2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 998 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тэгвэл өвөлжилтийн бэлтгэл 96.8 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хийж, хэрэгжүүлсэн ажлаа танилцуулсан байна. Тухайлбал, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 8 А, В, Г магистралийн 3.3 км урт хос дулааны шугамыг өргөтгөн шинэчилжээ. Мөн орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны санхүүжилтээр 36 халаалтын зуухны хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох дөрвөн багц ажлыг хэрэгжүүлсэн байна.
Өвөлжилтөд зориулж нийслэлийн зургаан дүүргийн нийт 73 агуулахад 57,500 тонн орчим сайжруулсан түлшний нөөц бүрдүүлжээ. Түүнчлэн 2,329.4 тонн давс, 2,278.1 тонн бодисын нөөцтэй байгаа юм. 10 дугаар сарын 30-нд 2,000 тонн бодис, 627 тонн давс татан авахаар бэлтгэл хангаж байгаа аж.
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, өвөлжилтийн үед хүндэрч болзошгүй сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээний засварын ажлыг богино хугацаанд хийж, гүйцэтгүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг үүрэг болгосон юм. Мөн Улаанбаатар хотын гол болон туслах гудамж, замуудад гарсан нүхэн эвдрэлийг яаралтай засварлаж, өвөлжилтийн бэлтгэлийг хангаж ажиллахыг, нүхэн болон гүүрэн гарцуудын цэвэрлэгээ, хайс, хашлагийн засварын ажлыг тогтмол хийхийг даалгасан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.