ОХУ-ын шоронгийн систем дэх хүчирхийллийг хянадаг төрийн бус байгууллага болох Gulagu.net тус улсын хэд хэдэн шоронд харуулууд хоригдлуудыг зодож, тарчлаадаг болохыг батлах мянга мянган бичлэгийг хүлээж авсан гэж мэдэгджээ.
Тус хүний эрхийг хамгаалагч байгууллагын үүсгэн байгуулагч Владимир Осечкин энэ талаар "Энэ бол урьд өмнө байгаагүй их хэмжээний алдагдсан нууц бичлэгүүд бөгөөд Орос улсыг тэр чигээр нь цочролд оруулах болно. Харуулууд хоригдлуудыг эрүүдэн шүүж, тамлан зовоож байгааг харуулсан 40 гаруй гигабайт файл бидэнд байгаа" хэмээсэн байна.
Gulagu.net өнгөрсөн долоо хоногт албан ёсны Youtube суваг дээрээ эрүү шүүлт, бэлгийн хүчирхийллийг харуулсан зарим бичлэгийг нийтэлсэн бөгөөд эдгээр нь Саратов дахь хорих ангийн эмнэлэг болон Белгород, Камчатка мужийн шоронд хийсэн бичлэг болохыг дэлгэсэн юм. Тэгвэл Оросын Холбооны шоронгийн албанаас бичлэгүүдийг шалгаж эхэлсэн гэдгээ тэр даруй мэдэгдсэн бөгөөд удалгүй Саратовын хорих ангийн дарга, бүсийн гурван ажилтан болон шоронгийн ерөнхий эмч нарыг халсан байна.
Gulagu.net байгууллага Саратовын шоронд хоригдож байсан нэгэн хоригдлоос эдгээр бичлэгийг авчээ. Нэрээ нууцалсан эх сурвалж нь энэ оны 2 дугаар сард суллагдсан бөгөөд өнгөрсөн 3 дугаар сараас эхлэн бичлэгүүдийг илгээж эхэлсэн байна.
Осечкины хэлснээр, уг хоригдол нь Беларусийн мэдээллийн технологийн мэргэжилтэн байсан бөгөөд тэрээр 2018-2020 оны хооронд Эрхүү, Владимир, Саратов мужийн хэд хэдэн шоронд хийгдсэн бичлэгүүдийг шоронгийн компьютероос авч чадсан аж.
Тус мэдээлэгч нь өнгөрсөн долоо хоногийн эхээр ОХУ-аас явсан бөгөөд аюулгүй байдлынхаа төлөө байршлаа хэлэхээс татгалзсан байна.
Харин Владимир Осечкин "Одоо Оросын эрх баригчид эх сурвалжид хүрч чадахгүй тул бид ирэх долоо хоногуудад бичлэгүүдийг хэсэгчлэн дэлгэх болно" хэмээн мэдэгджээ.
Тэрээр мөн эдгээр бичлэгүүдийг Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхээс урьдчилан сэргийлэх Европын Хороонд илгээсэн байна.
Эх сурвалж: The Moscow Times
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.