Энэтхэг улсад коронавирусийн халдварын өдөр тутмын тохиолдлын тоо буурч байгаатай холбогдуулан цар тахлын хязгаарлалтуудыг сулруулж, гадаадын жуулчдад хилээ нээхээр болжээ.
Үүний хүрээнд, өнөөдөр буюу 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тусгай үүргийн нислэгээр ирсэн аялагчдад жуулчны виз олгох аж. Харин ирэх 11 дүгээр сарын 15-наас эхлэн арилжааны нислэгээр ирсэн хүмүүст жуулчны виз олгох юм.
Ингэснээр, энэ баасан гарагт Энэтхэгт газардсан гадаадын жуулчид цар тахал эхэлснээс хойш 19 сарын дараа тус улсад ирсэн анхны аялагчид болж байна.
Ерөнхий сайд Нарендра Модигийн Засгийн газар 2020 оны 3 дугаар сараас хойш хилээ хааж, жуулчны виз олгохоо больсон билээ. Тус улсад өнгөрөгч 4, 5 дугаар саруудад цар тахлын хоёр дахь давлагаа дэгдэн, өдөрт 400 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж байсан бол одоо энэ тоо 20 мянга орчим болж буураад байгаа юм. Түүнчлэн, Энэтхэгийн нийт хүн амын 70 гаруй хувь нь вакцины нэг тунд хамрагджээ.
Гадаадын жуулчдын хязгаарлалтыг хөнгөвчилсөн шийдвэр нь тус улсад аялал жуулчлалын оргил үе эхэлж байгаатай холбоотой. Аялал жуулчлалын салбар нь Энэтхэгийн ДНБ-ий бараг долоон хувийг бүрдүүлдэг бөгөөд үйлчилгээний салбарт олон сая ажлын байрыг бий болгодог билээ.
Гэвч Энэтхэг улс өнгөрсөн онд ердөө 2.74 сая гадаадын жуулчин татжээ. Үүнтэй харьцуулахад, 2019 онд тус улсад нийт 10.93 сая жуулчин зочилсон байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.