УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт явагдсан нөхөн сонгуулийн зарим хэсгийн хороодын ирц хүрээгүй тул дахин сонгуулийг маргааш буюу 2021 оны аравдугаар сарын 16-ны өдөр зохион байгуулна.
Үүнтэй холбоотойгоор НЗД-ийн захирамж гарч аравдугаар сарын 16-нд нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоох, соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүдийн тухайн долоо хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөрт шилжүүлэхийг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад даалгажээ.
Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 50 буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй дээрх хоёр тойргийн 131 хэсэгт нөхөн сонгуулийг 07:00-22:00 цагт зохион байгуулна.
УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтад Сонгинохайрхан дүүргийн 7-19, 21, 23, 25, 27-31, 38-40, 42, 43 дугаар хорооны сонгогчид саналаа өгнө. Нэмэлт санал хураалтад ирц 50 хувь хүрэх шаардлагагүй ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.