Норвегийн Консберг хотод нум сумаар зэвсэглэсэн Дани улсын 37 настай иргэн халдлага үйлдэж таван хүний амийг бүрэлгэж, хоёр хүнийг шархдуулсан хэрэг гарсан.
Уг хэргийн мөрдлөг үргэлжилж байгаа бөгөөд Норвегийн цагдаа нар сэжигтэн урьд өмнө цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байсныг тогтоожээ. Дани улсын иргэн хэт үндсэрхэг үзэлтэй байсан нь ихээхэн сэжиг төрүүлж байсныг нэхэн шалгасан гэдгийг цагдаагийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
Сэжигтний гарт 50-70 насны дөрвөн эмэгтэй, нэг эрэгтэй амиа алдсаныг зарласан ч хохирогчдын нэр усыг бүрэн тогтоогоогүй байгаа тул дахин хугацаа шаардлагатай гэжээ.
Нийслэл Осло хотын баруун урд байдаг Конгсберг хотод халдлага гарсан тухай анхны дуудлага орон нутгийн цагаар 18:13 минутад ирсэн байна. Цагдаа нар сэжигтнийг баривчлан саатуулсан байна. Норвегийн Ерөнхий сайд Эрна Солберг аймшигт хэрэг гарсныг мэдэгдэж, "олон хүн айж эмээж байгаа ойлгож байна, цагдаа нар байдлыг хяналтандаа авсан тул эмээх хэрэггүй" гэжээ.
Конгсберг хотын хэвлэлд нийтэлснээр гэмт этгээд Күп Экстра өөртөө үйлчлэх дэлгүүрт халдлага үйлджээ. Гэрчийн ярьснаар сэжигтэн мөрөндөө нум үүрч, гартаа сум барьсан байжээ. Удалгүй дэлгүүрт үймж, үйлчлүүлэгчид зугтааж эхэлсэн бөгөөд тэдний дунд хүүхдээ гартаа тэвэрсэн эмэгтэй ч байсан ажээ.
Хэргийн нотлох баримтыг цуглуулж байгаа тул иргэдийг гэрээсээ аль болох гарахгүй байхыг цагдаа нар уриалсан байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.