Өмнөд Солонгосын нийт хүн амын бараг 70 хувь коронавирусийн эсрэг вакцинжуулалтад бүрэн хамрагдаад байгаа энэ үед тул улсын Засгийн газар "Ковид-19-тэй зохицон амьдрах" арга хэмжээний талаар албан ёсоор хэлэлцэж эхэлжээ.
Одоогийн байдлаар тус улсад аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, иргэдийн хөдөлгөөнийг хориглоход чиглэсэн хязгаарлалтуудыг хэрэгжүүлж байгаа бол энэхүү шинэ журмын хүрээнд арай өөр чиглэлийн удирдамжийг бий болгох юм.
"Ковид-19-тэй зохицон амьдрах" эрин үе рүү шилжих бодлогыг боловсруулах Засгийн газар, иргэний хамтарсан хороог өнгөрөгч лхагва гарагт байгуулсан бөгөөд олон салбарын мэргэжилтнүүд шинэ удирдамжийн талаарх санал бодлыг цуглуулан, зөвлөгөө өгөх аж. Шинэ дүрмүүдийг энэ сарын сүүлээр зарлах бөгөөд ирэх 11 дүгээр сард хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Тус хорооны дарга бөгөөд БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гём энэ талаар "Хэцүү цаг үе өнгөрсний дараа бид цар тахлын өмнөх хэвийн байдалдаа эргэж орохын тулд бэлтгэх хэрэгтэй боллоо. Гэхдээ энэ нь яг одоо амны хаалтаа тайлж болно гэсэн үг биш. Бид одоогийн нөхцөл байдалд тохирсон хэдий ч хамгийн муу тохиолдолд бэлэн байх арга хэмжээг авах шаардлагатай байна" хэмээн мэдэгджээ.
Шинэ бодлогын дагуу хүнд өвчтэй өвчтөнүүдийг эмчлэх, нас баралтаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эмнэлгийн хорио цээрийн тогтолцоог бий болгох бөгөөд олон нийтийн зай барих арга хэмжээг аажмаар хөнгөвчлөх аж. Мөн нийтийн эзэмшлийн байгууламж, аж ахуйн нэгжийн ажиллах цагийн хязгаарлалт, үйл ажиллагааны хоригийг аажмаар цуцлах гэнэ.
Эх сурвалж: The Korea Times
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.