Вьетнам гэр бүлийн эмгэнэлтэй түүх ойрын хоногуудад цахим сүлжээнд ихээхэн хандалт авч, анхаарал татах болжээ. Лонг Ан мужаас нүүдэллэж Ча Мау мужид ирсэн гэр бүлийн хос коронавирусийн халдвар авч эмнэлэгт хэвтсэн байна. Тэд 12 нохой тэжээдэг байсан бөгөөд эмнэлэгт байх хооронд нь эрх баригчид тэжээвэр амьтдыг халдвар тарааж болзошгүй хэмээн айсандаа устгалд оруулсан байжээ.
Пнам Мин Хун нь энэ жил 49 настай, тоосго өрдөг ажилтай. Нохдыг нь устгаж, хороосон тухай мэдээг эмнэлгийн орон дээр сонсоод эхнэрийнхээ хамт ихэд уйлж, шаналсандаа унтаж чадахаа больжээ. Тэрээр нохдоо хүүхдүүд шигээ хайрладаг ч хамгаалж чадаагүй гэдэгтээ сэтгэлээр унаж, болсон явдалд итгэхийг хүсээгүй байна.
Хосын түүх ТикТок апп дээр баримт болон үлдсэн нь Вьетнам улсад шуугиан дэгдээгээд байгаа ажээ. Эрх баригчдын хэрцгий балмад явдлыг таслан зогсоохыг шаардсан уриалгад 150,000 хүн гарын үсгээ зуржээ.
Коронавирусийн тархалтын эсрэг хөл хорио олон мянган цагаач иргэний амьдрах боломжийг боогдуулснаас том хотууд руу нүүдэллэх болсон. Пнам Мин Хун болон түүний эхнэр Нгуен Ти Чи Эм нар тэдгээр цагаач ажилчдын нэг юм. Тэд аравдугаар сарын 8-ны өдөр нохдоо, эд хогшлоо ачин 280 км зам туулж Ча Мау мужийн Хан Хунд иржээ. Хос аяллынхаа бичлэгийг цахим сүлжээнд байршуулсан нь олон хүнд хүрч, тэднийг аюулгүй амжилттай аялахыг ерөөж байжээ.
Хэдийгээр ширүүн бороо асгарч байсан ч хос борооны цуваа хайртай амьтдадаа нөмрүүлсэн байсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн юм. Тэд Хан Хун хотод ирсний дараа коронавирусийн халдвар илэрч, эмнэлэгт хүргэгдэн, нохдыг нь тусгаарлах төвд үлдээжээ. Гэвч хотын эрх баригчид эздэд нь мэдэгдэлгүй 12 нохойг нь устгасан байна. Нохдыг хэрхэн устгасан нь тодорхойгүй өнгөрчээ. Хос зургаан жилийн турш үр хүүхдүүд шигээ өсгөсөн нохдыг нь зөвшөөрөлгүй, хэлэлгүй устгасан хүмүүст шударга хандахыг уриалсан байна.
Уг явдал цахим сүлжээнд тарсны дараа Вьетнамын алдартай одод болон амьтны эрхийг хамгаалагчид эсэргүүцлээ илэрхийлжээ. Вьетнам цар тахлын эхэн үед амжилттай тэмцэж байсан улс орны тоонд багтаж байсан боловч делта хувилбар тархах үед өвдөг дээрээ сөхрөөд байгаа юм.
Тус улсад коронавирусийн 840,000 орчим тохиолдол бүртгэгдэж, 20,000 гаруй хүн нас баржээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Муусайн алуурчид