Энэтхэгийн Бангалор мужийн Менежментийн хүрээлэнгийн Нийгмийн бодлогын төвийн эрдэмтэд өрхийн амьжиргааны орлогын тэнцвэртэй байдлын судалгааг хийжээ. Тэд 1973-2016 оны хоорондох хугацаанд гэр бүлийн гишүүдийн хүйсийн харилцаа, цалингийн хэмжээг 45 орны нээлттэй мэдээлэл дээр үндэслэн судалсан байна.
Судалгааны дүнд дийлэнх өрхийн амьжиргааг эрчүүд залгуулдаг болохыг тогтоожээ. Бангалорын Менежментийн хүрээлэнгийн профессор Хема Сваминатан, профессор Дийпэк Малган нар 18-65 насны 2,8 сая өрхийн мэдээллийг судалсан байна. Судалгаанд Люксембургийн орлогын судалгаа ашгийн бус байгууллага дэмжлэг үзүүлжээ.
Ингэхэд өрхийн тэргүүлэгчид болох эрчүүд ихэнх орлогыг олж, түүнийг гэр бүлийн гишүүд ижил тэгш хэмжээтэйгээр хуваан хэрэглэж байна гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Гэхдээ энэ нь хүйсийн тэгш бус байдал хөдөлмөр эрхлэхэд ч нөлөөлж байгааг харуулжээ. Тухайлбал Энэтхэгт ажиллах хүчийг бүрдүүлэхэд эмэгтэйчүүд цөөн хувийг эзэлдэг. Тэд бүтэн цагийн ажил эрхлэх нь эрчүүдээс хамаагүй бага. Энэ дүр зураг Энэтхэгээс гадна дэлхийн бусад улсуудад ч ажиглагдсан юм. Чинээлэг орлого ихтэй төдийгүй орлого багатай ядуу буурай өрхүүдэд бүх цаг үед хүйсийн эрх тэгш бус дүр зураг ажиглагдсан байна.
Баян, ядуу аль ч өрхөд эрэгтэй, эмэгтэй хоёул ажилладаг бол тухайн гэр бүлийн эхнэрүүд нөхрүүдтэйгээ ижил хэмжээний орлого олж чадаж байгаа юм. Гэхдээ хүйсийн эрх тэгш байдал хамгийн бага Скандинавын орнуудад эмэгтэйчүүд орлогоо гэр бүлийнхэнтэйгээ хуваах нь 50-аас бага хувьтай байна.
Эмэгтэйчүүд нөхрүүдээсээ бага орлоготой байх нь түгээмэл ба хэд хэдэн шалтгаан бий гэж судлаачид үзжээ. Эрчүүд эртнээс гэр бүлээ тэжээгч, эмэгтэйчүүд гэрийн ажлаа зохицуулагчид байсан уламжлал нийтлэг. Мөн эмэгтэйчүүд ажиллаж байх хугацаандаа хэд хэдэн хүүхэд төрүүлж, цалинтай ажлаас хөндийрдөг. Мөн зарим ажил, албан тушаалд эмэгтэйчүүдийн цалин хөлс эрчүүдийнхээс бага байдаг. Цалингүй гэрийн ажил эрхэлж, гэр бүлийн гишүүдээ халамжлах нь эмэгтэйчүүдийн үүрэг гэдэг ойлголт дэлхий дахинд нийтлэг хэвээр байгаа юм.
2018 онд хийсэн судалгаагаар эмэгтэйчүүдийн ажлын цагийн 76 хувийг цалингүй гэрийн ажил эзэлдэг нь эрчүүдээс гурав дахин их байгааг харуулжээ. Ази, Номхон далайн орнуудад энэ тоо 80 хувьд хүрсэн байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.